Хангайн бүсийн залуус Хөвсгөлд чуулна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 29

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Залуучуудын Зөвлөх Хорооноос Олон улсын Залуучуудын жилийг тохиолдуулан НҮБ-Хүн Амын Сан, НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр  “Хангайн бүсийн Залуучуудын Чуулга Уулзалт”-ыг Хөвсгөл аймагт 2011 оны 8 дугаар сарын 2-5-ний өдрүүдэд зохион байгуулахаар боллоо. 
Хангайн бүсийн Хөвсгөл, Булган, Архангай, Өвөрхангай аймгийн төлөөлөл болсон нийт 70 гаруй залуус энэхүү уулзалтад оролцох бөгөөд “Харилцан ойлголцол-Хамтын ажиллагаа” Залуучуудын үндэсний зөвлөлгөөнөөс гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэхэд орон нутгийн залуусын оролцоог нэмэгдүүлэх, олон улсын залуучуудын жил хүрээнд хийгдэж буй ажлыг танилцуулах, залууст мэдээлэл, сургалт сурталчилгаа зохион байгуулах зэрэг олон ажлыг төлөвлөөд байгаа юм байна.
Чуулганы нээлтэд НҮБ-ын Хүн Амын Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Аржентина Матавела, Эрүүл мэндийн Дэд Сайд Ж.Цолмон, НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооны  гишүүд, БСШУЯамны төлөөлөл зэрэг зочид оролцох бөгөөд НҮБ-аас гол анхаарлаа хандуулж буй боловсрол, эрүүл мэнд, ажил эрхлэлтийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, Далай ээжийн залууст хандсан уриалга гаргахаар төлөвлөжээ.  
          
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн  портал


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top