Энэтхэгийн Ерөнхийлөгч сэтгэл хангалуун буцлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 30


 

Бүгд найрамдах Энэтхэг улсын ерөнхийлөгч Пратибха Двисингх Патил манай улсад төрийн айлчлал хийлээ. Монголчууд бид гурав дахь хөрш хэмээн Энэтхэг улсыг эрхэмлэсээр ирсэн юм. Нэгэн цагт Энэтхэгийн төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, их бичгийн хүн Ж.Неру өөрийн охин Индра Гандидаа шоронгоос бичсэн захидалдаа “Чингис бол түүхэнд гарсан цэргийн суут ухаантан, жолоодогч гарцаагүй мөн. Түүний дэргэд Александр Македонский, Цызарь хоёр юу ч биш” хэмээн бичсэн байв.  Тэгвэл энэ удаа эрхэмсэг хатагтайн айлчлал Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлснээр эхэлсэн юм. Гурван өдөр үргэлжилсэн түүний айлчлал хоёр орны харилцааг улам бэхжүүлэхэд чиглэгдлээ. Төрийн тэргүүнүүдийн уулзалт, хэлэлцээ ажил хэрэгч, бүрэн ойлголцсон, элэгсэг дотно уур амьсгалд болсон байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд гадаад улс оронд хийх айлчиллаа Энэтхэгээс эхэлж байсан нь санаандгүй хэрэг биш болов уу. Энэхүү айлчилллаас хойш хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд гарсан ахиц дэвшлийн талаар төрийн тэргүүнүүд сэтгэл хангалуун дүгнэн ярилцсан юм. Цаашид хоёр орны хооронд цөмийн эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, соёл боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, мэдээлэл технологийн салбарт хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлэх, мөн нийгмийн хамгаалал, байгаль орчин, орон нутаг хоорондын харилцаа холбоог хөгжүүлэхээр тохиролцлоо. Улаанбаатар хотод мэдээлэл технологийн боловсрол, аутсорсингийн Монгол-Энэтхэгийн хамтарсан төв байгуулахад зориулж Энэтхэгийн Засгийн газраас олгохоор шийдвэрлэсэн 20 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг ойрын хугацаанд шийдвэрлэхээр болсон юм. Түүнчлэн Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэгээр Энэтхэгт суралцах Монгол оюутны тоог жилд 50 хүртэл тоогоор нэмэгдүүлэх ажээ. Мөн Энэтхэгийн техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрт хамрагдагсдын тоог жилд 150-д хүрэхээр  болов. Энэтхэг-Монголын хамтарсан сургууль байгуулах, Ражив Гандигийн нэрэмжит  Үйлдвэрлэл, урлалын сургууль, Важлайн нэрэмжит Мэдээлэл, холбооны технологийн төвийн сургалтын баазыг шинэчлэх чиглэлээр  тогтсон байна.

            Энэ үеэр мөн хоёр орны бизнесийн чуулга уулзалт амжилттай боллоо.  Өнөөдөр хоёр талт худалдааны түвшин 30 сая ам.доллар байгааг хэтэрхий бага хэмээн талууд үзжээ. Үүнийг өсгөхийн тулд тогтвортой, шаргуу ажиллахыг Энэтхэгийн “Manas advisory” компаний захирал Рави Вуудалингам онцлон хэлсэн байна. Хоёр орны компаниуд уул уурхай, эм зүй, автомашины эд анги, төмрийн үйлдвэрийг байгуулах бүрэн боломжтой гэж үзжээ. Энэтхэг бол мэдээллийн технологиор дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн улс бөгөөд чиглэлд ч хамтын ажиллагаа  эрчимтэй хөгжих ажээ. Түүнчлэн хоёр орны хооронд агаарын шууд нислэг хийх боломж бүрдлээ. Шашин хоорондын харилцаа ч амжилттай хөгжих үүд нээгдэв.

Эрхэмсэг хатагтай   Пратибха Двисингх Патил манай улсаас эх орон руугаа мордохын өмнө сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ “Монголчууд агуу үндэстэн, гайхалтай улс гэдэг нь энд миний үзсэн бүхнээс харагдлаа. Уламжлал соёлоо гайхалтай авч үлджээ. Монгол улсыг амжилт олох бүрийд Энэтхэгийн ард түмэн баярлаж байдаг гэдгийг дашрамд хэлье” гэсэн юм. Монголчуудын урлаг соёл, буддын шашны үнэт өвүүдийг үзэж, сэтгэл баяссан эрхэмсэг хатагтайн энэ удаагийн айлчлал ийнхүү хоёр орны ард түмэнд амжилт бүхнийг билэгдэн өндөрлөв.

Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top