Хамгийн том талбай
Монголын газар нутаг өргөн уудам. Тэгэвч дэлхийн газрын зураг дээрх хэмжээгээрээ өмнөө цөөнгүй орныг гишгүүлдэг. Гэхдээ л газар нутаг минь биднийг Гиннесийн номд багтаасан байх юм. 1.5 сая км.квадрат талбайтай нутаг дэвсгэр дээр 2.6 сая хүн амьдардаг Монгол орон нэг хүнд ногдох нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ яах аргагүй дэлхийн амжилт тогтоодог аж.
Харин Гиннесийн дэлхийн дээд амжилтын бүртгэлийн онлайн хувилбарт нэгэн ташаа мэдээлэл орсон нь анхаарал татаж байна. Тэд Монгол Улсын тухай 1924 онд Хятадаас тусгаар тогтносон хэмээн бичжээ.
Хамгийн том сарвуу хумстай амьтан
Говийн эрт балрын үе буюу галвын өмнө далайн ёроол байсан хэмээн өвгөд хэлцдэг. Түүний удаахан нь үлэмж биетнүүдийн орон хэмээх нь шинжлэх ухааны олдвороор гэрчлэгдсэн. Тэгвэл тэр үеийн аварга биет амьтан өнөө үеийн Гиннесийн номонд Монголын нэрийг бичихэд хүргэжээ. Монголын говиос (аль аймгийн нутгаас гэдэг нь бүртгэгдээгүй) 1961 онд яс нь олдсон эртний үлэг гүрвэл ертөнцийн хамгийн том сарвуу хумст амьтан хэмээн бүртгэгдсэн аж. Теризинозавр нэртэй энэхүү аварга амьтны хумс 91 см урт байжээ.
Бүгд хувийн сууцтай
Монгол айл өрхүүд бараг зуун хувь хувьдаа сууцтай хэмээн 1997 онд Гиннесийн номонд бүртгэсэн байна. Өөрөөр хэлбэл, манай улсад байгаа гэр сууцнууд бүгд хувийн өмчийнх гэсэн үг. Энэ үзүүлэлтээс харахад бид маш баян юм шиг өрхөд ноогдох орчин үеийн сууцны тоогоор эсрэг үзүүлэлттэй гарах буй за.
Яаж дээд амжилтын эзэн болох вэ өөрийн тогтоосон аварга амжилтыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлж, 40 шахам хэл дээр 94 сая хувиар хэвлэгддэг Гиннесийн Дэлхийн дээд амжилтуудын номонд бүртгүүлэхийн тулд яах ёстой вэ. Юуны өмнө ямар үзүүлэлтээр энэ номонд орохыг хүсч байна, тэр чиглэлээрээ тогтоогдсон дээд амжилтуудын талаар Гиннесийн дээд амжилтын судалгааны институтын Лондон дахь төвд хандан мэдээлэл авах хэрэгтэй. Дараа нь та эдгээр амжилтыг эвдэж чадаж байвал үүнийг нотлох баримтуудыг илгээх буюу өөрсдийнх нь өмнө нотлохыг "Гиннесийн дэлхийн дээд амжилтууд" компани зөвлөж байна. Тэд жил бүр 65 мянга гаруй дээд амжилтын тухай материал хүлээн авдаг тул таны өргөдлийг тийм ч хурдан шийдэж өгөх боломжгүй. Энэ компани анх 1951 онд байгуулагдаж, өвөрмөц аварга амжилтуудын тухай анхны "Гиннесийн ном"-оо 1955 оны наймдугаар сарын 27-нд худалдаанд гаргасан нь тэр дороо Британийн хамгийн их гүйлгээтэй ном болж чаджээ.
Сэтгэгдэл ( 0 )