Найз бүсгүйчүүддээ итгэж болохгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 31
Гэр бүлийн амьдрал нууцлагдмал, далд байх ёстой. Амьдралын практикаас харахад найз хүүхнүүддээ итгэж, бүх нууцаа дэлгэдэг эмэгтэйчүүд зарим талаар хохирох нь бий.
 
Ялангуяа хүнтэй суух гэж байгаа эсвэл гэр бүлтэй эмэгтэйчүүд нэлээд хашир байх нь зүйтэй. Учир нь хувийн нандин харьцаа гэдэг бол маш эмзэг хэврэг зүйл юм. Өчүүхэн төдий "сүүдэр" тусахад "хагарч бутрахдаа" амархан. Найз залуу болон нөхөртэйгээ харьцах харьцаанд асуудал үүсэх бүрт найз нөхөд болон гадны хэн нэгэнд зовлон тоочиж гүйх хэрэггүй. Хэрвээ үнэхээр ярих, гомдоллох шаардлага гарвал танд бяцхан зөвлөлгөөг өгье.
Гэр бүлийн амьдралд сэтгэл хангалуун, дутах зүйлгүй бол өчүүхэн төдий зөрчил, маргааныг бүү дэвэргэ. Асуудалгүй гэр бүл байдаггүйг сана.
Асуудал тийм чухал эсэхийг тодорхойл. Хэрэв нөхөр чинь цалингаа бүтэн өгдөггүй эсвэл гэр орны ажилд тусалдаггүй бол үүнийг гэр бүлийн бус хүнд хэлэх хэрэггүй. Нэг мэдэхэд л харамч нөхөртэй гэсэн дэмий яриа хайртай хүний чинь сонорт хүрч асуудал хурцдана. Найз эмэгтэй чинь таныг тавлаж магадгүй. Иймд жижиг сажиг асуудлыг нөхөртэйгээ хэлэлцэж тохирсон нь дээр байдаг.
 
Нөхрийнхөө сексийн чадавхыг хэзээ ч бусадтай бүү хэлэлц. Хамгийн дотны найз бүсгүйдээ ч тэр. Ор хөнжлийн асуудлын тухай яриа бусдын саваагүй шохоорхлыг хөдөлгөдөг юм шүү.
Хадам эцэг, эхийн талаар дэлгэрэнгүй ярих хэрэггүй. Ярианы чинь 40 хувь магтаал, харин 20 хувь нь шүүмж байсан ч найз бүсгүй чинь зөвхөн шүүмжийг өлгөж авна. Энэ нь эмэгтэй хүний онцлог гэх үү дээ. Ингээд л тэр шүүмж яриа тархаж, гомдож, баярлахдаа амархан настангуудын сонорт хүрнэ.
 
Гэр бүлийн төсөв санхүүг бусадтай хэлэлцдэггүй. Ялангуяа бусдын атаархал төрүүлэхүйц "Би тийм үнэтэй бөгж, шуба авсан", "тийм өртгөөр байрандаа засвар хийсэн" гэх мэтийн яриа бүү дэлгээрэй. Хүний хорсол, атаархал гэдэг юуг ч бусниулж чаддаг хүчтэй хар энерги билээ.
Нөхрийнхөө зан ааш, дадал зуршлын онцлог, өвөрмөц байдлын тухай ч ярих хэрэггүй. Хүн бүрт л бага сага сул тал байдаг шүү дээ. Та чухам тэр занд нь татагдаж, гэр бүл болсон биз ээ. Ер нь гэр бүлийн амьдрал нууцлагдмал, далд байхдаа гэмгүй байдгийг санаарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top