Б.Хурцыг Германы талд шилжүүлэх болсон талаар Zindaa.mn сайт урьд нь мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Д.Ганхуяг сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Лондонгийн шүүхийн шийдвэрийг танилцуулах хурал хэдхэн хоногийн өмнө болсон байна. Уг хуралд Элчин сайд Б.Алтангэрэл, ЭСЯ-ны консул Н.Батаа, өмгөөлөгч Алун Жонс, Данкан Макдоналд нар оролцжээ. Шүүгч Мосес шүүхийн шийдвэрийг танилцуулсны дараа Б.Хурцын өмгөөлөгч Алун Жонс “Монголын Засгийн газар давж заалдах шатны шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй, шүүгчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тиймээс Олон улсын шүүхэд хандах болно” гэж мэдэгдсэн байна. Монголын Засгийн газрыг төлөөлж хуралд оролцсон ноён Э.Лаутерпахт, Б.Хурцын өмгөөлөгч Алун Жонс, Данкан Макдоналд нар давж заалдах шүүхээс гаргасан шийдвэртэй холбогдуулан бас мэдэгдэл хийсэн гэнэ.
Өмгөөлөгчдийн гаргасан мэдэгдэлд “Шүүгчийн гаргасан шийдвэрт Монгол Улсын Засгийн газар сэтгэл нэн дундуур байна. Улаанбаатарт сууж байсан Британийн Элчин сайд ноён Диксон айлчлалыг хөхүүлэн дэмжиж байсан нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг хоёр талын харилцааны чухал асуудлаар Британийн Аюулгүй байдлын зөвлөлийн хүмүүстэй уулзаж, Лондонд зочлохыг зөвшөөрсөн сэтгэгдлийг төрүүлсэн. Гэтэл ноён Диксон болон Лондон дахь Британийн гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яам Б.Хурцыг 2010 оны есдүгээр сард албан айлчлалаар хүрэлцэн очиход нь баривчлахаар Британийн цагдаагийн албатай нууцаар хамтран ажиллаж байжээ. Б.Хурцыг тэрхүү визээр зорчин Лондонд ирмэгц нь баривчилна гэдгээ мэдэж байсан тул түүнд бизнес ангиллын виз олгосныг ноён Диксон мэдэж байсан байна. Олон улсын эрх зүйн дагуу аливаа хүн Засгийн газраа төлөөлөн тусгай үүрэг гүйцэтгэж яваа бол баривчлагдахгүй байх халдашгүй дархан эрх эдэлдэг. Гэтэл Ноён Диксоны зүгээс айлчлалыг хөхүүлэн дэмжиж байсныг үл харгалзан Британийн Засгийн газар нь уг айлчлалыг хийх “зөвшөөрөл”-ийг өгөөгүй. Иймээс Б.Хурцыг Германы талд албадан шилжүүлэх ёстой гэж тус шүүхээс шийдвэрлэсэн байна” гэжээ. Ийнхүү Б.Хурц Германы талд шилжих болсон байна. Түүний өмгөөлөгч нарын мэдэгдсэнээр Олон улсын шүүх уг асуудлыг хэлэлцэх бололтой.
Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )