Нэг жуулчин ирэхэд найман ажлын байр идэвхждэг

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 01

Нэг жуулчин ирэхэд найман ажлын байр идэвхждэг хэмээн манай аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүдээс гаргасан судалгаа байдаг. Энэ жилийн хувьд Монгол Улсад 500 мянган жуулчин ирэх магадлалтай байгаа аж. Харин өнгөрсөн онд манай улсад нийтдээ 480 мянга гаруй жуулчин ирсэн байна. 2011 онд Засгийн газар түүхэндээ анх удаа аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулж “IBT Berlin” үзэсгэлэнд оролцоход зориулж санхүүжилт өгсөн. Монгол Улсын Засгийн газраас “Монголыг зорих жуулчдын тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авч явуулснаар 2015 он гэхэд жилдээ нэг сая орчим гадаадын жуулчин ирдэг болгоно” гэсэн зорилт дэвшүүлж байгаа бөгөөд энэ зорилтыг биелүүлж чадвал тус салбарт чамгүй ашиг олох боломж бий болох юм.

Засгийн газрын дэвшүүлсэн зорилтыг биелүүлэхэд чиглэсэн ямар арга хэмжээ авч байгаагаас ихээхэн шалтгаална. Өнөөдөр жуулчдын манай улс орныг зорьдог, аялдаг үе ид үргэлжилж байна. Аялал жуулчлалын үндэсний төвийн мэдээлснээр энэ оны эхний хагас жилийн байдлаар 258 мянга гаруй гадаадын иргэн манай улсад ирсэн боловч тэд бүгд жуулчлах зорилгоор ирээгүй нь тодорхой. Тухайлбал, 201 мянга гаруй нь жуулчин. Эдгээр жуулчид 88 сая 461 мянга гаруй ам.долларын орлого оруулжээ. Нийт ирсэн жуулчдын тоо өмнөх оны мөн үеийнхээс 14 мянга орчмоор буюу 7,4 хувиар нэмэгдсэн байна. Үүнээс үзвэл жуулчдын тоо энэ жилийн хувьд өмнөх жилүүдтэй адил л цөөн тоогоор буюу өмнөх оныхоос 10 хувиар нэмэгджээ. Өнгөрсөн хавар “IBT Berlin” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс чамгүй ач холбогдол өгч, амжилттай оролцсон. Тэр үеэр Монголыг сурталчлах чиглэлээр тодорхой арга хэмжээ зохион байгуулсан юм. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр ч сурталчилгаагаа хийсэн. Энэхүү арга хэмжээ нь Монголоос дэлхий дахинд хийсэн маш том сурталчилгаа болсон. Тиймээс ч Европоос ирэх жуулчдын тоо өснө гэж тооцоолж байгаа бөгөөд наадмын үеэр ч ийм байдал ажиглагдаж жуулчдын тоо өмнөх оны мөн үеийнхээс өссөн. Харин долдугаар сарын байдлаар манай улсад ирсэн жуулчдын тоог гаргаагүй байгаа. Гэхдээ Англиас ирсэн жуулчдын тоо л гэхэд өмнөх оныхоос өсөлттэй байгаа гэж АЖҮТ-өөс мэдээлж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top