Морин хуурын чуулгын 20 жилийн ой ирэх жил тохионо

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 01

Монгол Улсын Морин хуурын чуулга ирэх 2012 онд 20 нас хүрэх бөгөөд ойн хүрээнд чуулгын уран бүгээлчид хэд хэдэн томоохон тоглолт хийхээр төлөвлөсөн байна. Тус чуулга 15 жилийн ойгоороо дөрвөн ч томоохон тоглолт хийсэн билээ. Морин хуурын чуулга өнгөрсөн онд “Гоо марал-2010” наадмаас дэлхийд Монголыг сурталчилсан гэх нэр хүндтэй шагналыг хүртэж байсан. Монгол Улсын нэрээр овоглодог тус чуулга нь1992 оны долдугаар сарын 9-нд байгуулагдсан бөгөөд 1994 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 98 дугаар тогтоолоор Улсын Филармонийн бүрэлдэхүүнд багтжээ. Морин хуурын чуулга нь анхны тоглолтоо 1993 оны дөрөвдүгээр сарын 16-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт хийснээр Монголын хөгжмийн урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээж байсан юм. Чуулгыг үүсгэн байгуулагч, уран сайхны удирдагч, удирдаач, Ардын жүжигчин Ц.Батчулуун болон удирдаач Д.Түвшинсайхан нар дэлхийн болон Монголын сонгодог бүтээлийг шинэчлэн найруулж, түүнчлэн дэлхийн шилдэг киноны хөгжмийг “Морин хуурын чуулга”-д зориулан найруулж, дотоод гадаадын үзэгчдийн хүртээл болгоод байгаа билээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top