БНСУ-д хүчтэй бороо орсны улмаас байгалийн гамшигт үзэгдэл болж, уулын болон газрын хөрс гулсан барилга, орон сууц, зам гүүр нурж, тариалангийн талбай үерт автан олон хүний амь эрсдэж, үлэмж хэмжээний эд материалын хохирол учраад байна.
Харамсалтай нь энэхүү гамшигт Монголын хоёр иргэн өртөж, нас баржээ. Тус улсын "Ёнхаб ньюс" сонинд мэдээлж буйгаар хоёр монгол эмэгтэй бусдад туслах гэж байгаад өөрсдөө нас барсан аж.
Өнгөрсөн 27-ны өдөр болсон их үерийн үеэр тэдний хажууд амьдардаг солонгос эмээ байшингийнх нь ард байсан хавтангууд борооны усанд нуран ус урсдаг сувгийг нь хаачихаад байна хэмээн талийгаач Уугангоогоос тусламж гуйсан байна. Тэрбээр ганцаараа хавтангуудыг зөөж чадахгүй болохоор замын эсрэг талд амьдардаг эгч Даваагаа дуудан хамтдаа зөөж эхэлсэн гэнэ. Энэ үед уулын хөрсний нуралт үүсч их хэмжээний хөрс, шавар орж ирэн тэднийг урсган оджээ. Тэдний цогцсыг гэрээс нь холгүй газраас биед нь олон тооны шарх сорив үүссэн байдалтай олсон байна.
Монгол Улсын иргэн Даваа нь солонгос гаралтай Америкийн иргэн Вилльям Пакийн гэргий бөгөөд 2, 4 насны хүүхэдтэй аж. Харин талийгаач Уугангоо охин 2009 онд Солонгосын иргэн болж, өнгөрсөн тавдугаар сард солонгос иргэний үнэмлэх аваад байсан аж.
Эх сурвалж: Нийслэл таймс сонин
Сэтгэгдэл ( 0 )