Цогцос хадгалах камерт сэржээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 01

Өмнөд Африк эр цогцос хадгалах газар сэрсэн тухай тус улсын САПА агентлаг мэдээллээ.

Долдугаар сарын 23-ны орой өндөр настан Зүүн Кап мужийн тосгонд байдаг гэртээ нам унтжээ. Гэрийнхэн нь түүнийг сэрээх гээд дийлээгүй учир үхсэн гэж үзээд, ойролцоо орших Либоде хотын хувийн цогцос хадгалах газартай холбоо барьсан байна. Тосгонд ирсэн жолооч 80 орчим насны эрийн судас болон зүрхний цохилтыг шалгаад, цогцос хадгалах газар руугаа авч явжээ. Гэтэл бараг нэг хоногийн дараа мань эр цогцос хадгалах камерт сэрээд тусламж эрэн хашгирч гарчээ. Жижүүрийн хоёр ажилтан цогцос хашгирахыг сонсоод айж зугтаж явснаа гэнэт "ухаан орж" буцаад явсан байна. Үхсэнд тооцож байсан эрийг хөлдөлттэй байж магадгүй гээд эмнэлэгт хүргэсэн боловч долдугаар сарын25-ны өглөө эмнэлгээс гарчээ. Хөгшнийг амьд мэнд байгааг мэдээлэхэд гэрийнхэн нь оршуулах ажиллагааны тухай ярьж байсан гэнэ. Хүн үхсэн эсэхийг зөвхөн эмч, эсвэл цагдаа л нотлохыг тус улсын ЭМЯ-ны төлөөлөгч Сизве Купело анхааруулсан байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top