10 тэрбумын хэрэгт сэжиглэгдсэн “Хэлгүй” Х.Наранхүүгийн хөлийг хорив

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 01


 

УИХ-ын гишүүн Х.Наранхүүг парламентын сэтгүүлчид “хэлгүй” хэмээн нэрлэдэг болсоор удаж байна. Тэр УИХ-д сонгогдсон цагаасаа хойш чуулган дээр бараг нэг ч үг ган хийтэл дуугаралгүй өдий хүрсэн, нэг л сонин дүнсгэр эр. Түүний хэр баргийн хүнтэй дуугардаггүй, парламентдаа ч идэвх султай нь Эрдэнэт үйлдвэрийн даргаар ажиллаж байсан үеийнх нь 10 тэрбум төгрөгийн хэрэг сөхөгдөх болсонтой холбоотой байж магадгүй болов уу. Сүүлийн хоёр жил гаруй яригдаж буй энэ хэргийг одоо Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа. Түүнтэй хамт Төрийн өмчийн хорооны дарга байсан, одоо Монгол банкыг толгойлж суугаа Л.Пүрэвдорж бас шалгагдаж байна. Энэ талаар Zindaa.mn сайт урьд нь мэдээлж байсан юм. Х.Наранхүү нь 2000-2007 онд Эрдэнэт үйлдвэрийн даргаар ажиллаж байжээ. Тус үйлдвэрт гадаад, дотоодын олон компани бараа бүтээгдэхүүнээ шахдаг. Шахаанаас  тэндэхийн хэдхэн хүн л хөлждөг байж. Өнөөдөр ч тэнд шахааны бизнес үргэлжилсээр байгаа гэнэ. Ойрноос харин олз хуваалцах хүн нь дэндүү олон болж буй сурагтай. Эндхийн бохир мөнгө рүү гараа дүрдэг хүмүүс ихэнхдээ нэг намын “гал хамууд” ажээ. Зарим хэвлэлүүд Эрдэнэтийн талаар бичихдээ “Ардын намынханы саалийн үнээ” хэмээж байлаа. Энэ үнэн бололтой. Тэгвэл Авлигатай тэмцэх газрынхан хараандаа авч, Х.Наранхүүг шалгах явцдаа тэдгээр шахаачингуудыг ч бас илчлээд, “Нэг худаг” руугаа нэгдсэн журмаар татаж авчрах  байлгүй дээ. Ямартай ч тус газрын хэвлэл мэдээллийн албаныхан “Х.Наранхүүг шалгаж байгаа нь үнэн. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа” гэж дахин мэдээллээ. Х.Наранхүүг ийнхүү шалгахдаа гадаад руу албан томилолтоор явахыг хориглосон байна. Мөн гадаад улс оронд амрах, аялах зэрэг хувийн зорилгоор ч зорчиж болохгүй ажээ. Ийнхүү “Хэлгүй” гишүүний маань хөл хорионд оржээ.

Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top