Үндэсний аюулгүй байдлын Ажлын албаны дарга Б.Хурцыг Германы талд шилжүүлэхээр болсон Английн шүүхийн шийдвэр Монгол Улсын эсрэг гарсан талаар өнгөрсөн баасан гарагт Гадаад харилцааны яамнаас мэдээлэл хийлээ. Шүүхийн шийдвэрийг танилцуулах хуралд Монгол Улсаас Англи улсад суух Элчин сайд Б.Алтангэрэл, ЭСЯ-ны консул Н.Батаа, Б.Хурцын өмгөөлөгч Аллан Жонс, Данкан Макдоналд нар байлцсан байна. Шүүгч Мосес шүүхийн шийдвэрийг танилцуулсны дараа Б.Хурцын өмгөөлөгч Аллан Жонс "Монголын Засгийн газар давж заалдах шатны шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй, шүүгчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тиймээс Олон улсын шүүхэд хандах болно" гэж мэдэгдсэн байна. Гэсэн ч түүнийг Германы талд шилжүүлэх нь тодорхой болсон тул асуудлыг Герман улсын хуулийн дагуу шийднэ. Энэ асуудлаар Засгийн газарт хандаж, хуульчдаас бүрдсэн ажлын хэсэг байгуулах юм байна.
Эх сурвалж: Улс төрийн тойм сонин
Сэтгэгдэл ( 0 )