“Мөнхийн залуу нас” гэгч гуншинг хайрлан баадууддаг, ховорхон заяатай нэгэн бүсгүйг хэн ч топ модель Э.Одгэрэл хэмээн түгдрэлгүй хэлнэ дээ. Тэрээр саяхан “Авьяаслаг монголчууд” шоуны шүүгчээр ажиллаж, эгээ л “тэнгэрийн элч” адил ялдамсан, “сахиулсан тэнгэр” мэт сургааль айлдахын ялдамд, ийнхүү айл бүрийн хойморт залраатхав. Топ модель, Монголын сайхан бүсгүй, “рекламны гүнж”, “мөнхийн залуу нас”, “өндөр үнэтэй, урт дараалалтай” гээд түүнд хоч, гуншин мундахгүй. Түүний шүтэн бишрэгчид ч дэндүү олон. Нялх бяцхан охидоос эхлээд, их хурлын гишүүд, компаний эзэд, “од”-ууд ч түүний гоо үзэсгэлэнгийн өмнө сөгддөг гэмээнэ дэгс болохгүй. Үүнд урамшсан уу, мань хүн “би”-дээ эрдэж, Э.Одгэрэл хэмээх бүсгүйн амьдралаар кино зохиол бичнэ хэмээн айлгасан тал бий. Энэ сүрдүүлэг нилээд олон эрсийг шийтгэх “дурлалын цаазын тавцан” болохоо дөхсөн удаатай.
Гэхдээ яахав дээ, үнэхээр авьяас, арга билэг байгаад, амьдрал түүх нь хүнд өгөөжтэй, хийсэн гийгүүлсэн түүхтэй бол ганц хүний роман ч бас амттай л даа. Үүнийг үгүйсгэх аргагүй. Аливаа зүйлд хатуурхалгүй, уян хатан байх зан чанарыг бид номлодог шүү дээ. Өмнө дурьдсанчлан, “Мөнхийн залуу нас” маань айл гэрийн хойморт залрахдаа, олон түмний хараанаас өө сэв нь үргэж төвдсөнгүй. Зарим нэг атаач “мисс”-үүдийн ёстой л бахыг хангаадхаж. Үнэндээ хүн л юм хойно өөлөх юм бас байсым байлгүй. Гоо сайхны мэс засал нь түүнд зохисон гэдэг “ванлий” ч, цагийн аясаар насны намрын ул мөр хэдийнэ бий болсон гэх. Яалтай ч билээ, цаг хугацаа хүнийг хайрлаж хаацайлах биш дээ. Ялангуяа гоо үзэсгэлэнд улам л “өширхдөг” хойно. Мөн тэрээр, алдарт “Торго” шоуны рекламаар үндэсний хувцас өмссөн нь царайнд нь олигтой зохиж өгдөггүй. Нэг л хүнийрхүү, нөгөө л “вьетнам” царай гэдэг зурайгаад байна л гэнэ.
Гэвч аль юмыг өөлөх вэ, сайхан хүүхэн гэдгийг хэнбугай ч зөвшөөрөх хойно, түүний бардамнал бөхөх учиргүй. Гэхдээ, хэт туйлширч буйд эмзэглэх сэтгэл мисс, загвар өмсөгчдийн дунд төрөх нь бий. “Муу хүн сонжооч, мухар үхэр сэжээч” гэдэг ч, үнэнийг харах билгийн нүд сохроогүй гэлтэй.
Өдгөө Монголын сайхан хүүхнүүд эх орон төдийгүй дэлхийд нэрээ цуурайтуулах хэмжээнд очоод байгаа. Тэд нас, зүсээрээ төдийгүй боловсрол, мэдлэгээрээ, ааш аяг, бүтээлч үйлсээрээ тэргүүлсээр. “Мөнхийн залуу нас” мөрөөдлийн гуншин зүүж, нэгэн үе мандан бадарлаа ч, нижгээд үеийг өөртөө мөнхлөн үлдээх гээд яах ч билээ. Залуу халуун охидынхоо замыг засч, зодог тайлах болсон ч юм уу. Гоо үзэсгэлэнгийн талбар, залуу насны оргилд дүр эсгэн хөөрөгдөлгүй, жинхэнэ “залуу” гоо үзэсгэлэнг магтан дуулмаар. Залуу охидын заяа гомдохвий. Харин нас намбатай огт холбогдолгүй, бүсгүй хүний ер бусын аяглал түүнд байдаг нь хэнд ч бишрэл төрүүлдэг билээ.
Д.Сэндэр
Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )