Топ модель Д.Болормаатай ярилцлага хийхээр гарав. Яг үнэндээ бол “тэр их зантай топоос яаж хэдэн үг унагана даа. Юу ярьж халаах бол” гэж бодож байснаа сэтгүүлч би нуугаад яахав. Энэ нь мисс загвар өмсөгчдийг бид аль болох муу талыг олж хардагтай холбоотой байх. Ний нуугүй сэтгэлээсээ ярилцахад миний түүний тухай бодол өөрчлөгдсөн юм. Илүү олон үг нуршилгүйгээр моринд хообийтой топ модель Д.Болормаатай уулзаж ярилцсанаа хүргэж байна.
-Д.Болормааг топ болоход голлох үүрэг гүйцэтгэсэн хүмүүс гэвэл хэнийг нэрлэх вэ?
-Загвар өмсөгч болсноос хойш “хоёр дахь ижий” хэмээн хүндэлж ирсэн нэрлэсэн “Урлах эрдэм” дээд сургуулийн Тунгалаг багшийн зүтгэл миний байгуулсан гавьяаны тал нь. Энэ хүн миний сэтгэлд хамгийн том байр суурийг эзэлдэг. Үхэн үхтлээ би энэ хүнээс суралцах байх. Манай “Монгол модель” агентлаг “Урлах эрдэм” дээд сургуультай олон жил хамтран ажилласан.
-“Монгол модель” агентлаг байгуулагдаад багагүй хугацаа өнгөрчээ. Өнөөдөр хэдэн залуу танайд харьяалагдаж байна?
-Эх орны минь нэр, миний хамгийн хайртай мэргэжил хоёрыг нийлүүлэн “Монгол модель” гэж нэрлэсэн юм. Би 23 настай байхдаа 30 насандаа агентлаг байгуулна гэж өөртэй зорилго тавьж байлаа. Түүндээ ч хүрсэн. Өнгөрсөн хугацаанд би бахархах олон шавьтай болжээ. Шавь нар маань намайг ээж гэж хүндэлдэг. Монголдоо хамгийн чадварлаг моделийг бэлтгэхийн төлөө ажилласан. Зорилго маань ч биелсэн. Сүүлийн гурван жил дэлхийн мисс тэмцээнд манай агентлагаас Оюунгэрэл, Сэлэнгэ, Батцэцэг нар оролцлоо. Энэ бол том амжилт. Одоо манай агентлагт 60-аад залуучууд байна. Тэднийг амьдралын зах зухад нь хүргэчих юмсан гэж байнга л харилцааны соёл, хүнийг хүндлэх хайрлах ухаанд сургаж байна. Ингээд гүйж явахад намайг “охидоо зардаг” гэж бичихэд нь үнэхээр гомдсон. Би хоёр эмэгтэй дүүтэй. Шавь нараа тэдэнтэйгээ адилхан бодож явдаг.
-Нэг дүү чинь загвар өмсдөг билүү. Аав, ээж юу хийдэг хүмүүс вэ?
-Бага дүү маань загвар өмсдөг. Сүүлийн үед дэлхийн алдартай компаниудын нүүр царай болоод л явж байна. Нэг нь сэтгүүлч мэргэжилтэй. Аав маань НАХЯ-ны гуравдугаар газар гэж байхад дарга хийж явсан, цэргийн хүн. Миний хамгийн дотны найз, зөвлөх маань ээж шүү. Өнөөдрийн сайхан амьдрал нэр алдарт хүрэхэд энэ хоёрын тус, буян их.
-Гурван охины хоёр нь загвар өмсөгч болжээ. Хүүхэд байхын л модель болох хүсэлтэй байв уу?
-Модель болж, загвар өмсөнө гэж бодоогүй явлаа. Намайг бага байхад манайх III сургуулийн ард гэр хороололд байсан. Миний бага нас Алтай 18 дугаар гудамжинд тоглож өнгөрсөн. Айлын ууган хүүхэд болохоор мод түлээгээ би бэлтгэнэ. Энэ амьдралаа хэзээ ч би мартахгүй. Одоо хүртэл 10 литрийн хувинтай ус дааж ядан алхаж байснаа тодхон санаж байна. Худаг гэр хоёрын хооронд ямар ч их амардаг байсан юм бэ дээ. Авч явсан усаа хаяж, хүүхдүүдтэй тоглож алга болоод ээждээ олон ч удаа зэмлүүлсэн дээ. Би чинь жаахан эршүүд хүүхэд. Гудамжныхаа хөвгүүдтэй нийлээд чулуугаар байлдана. Энэ эршүүд зан маань одоо ч надад байдаг. Тийм болохоороо би спортын хообийтой болсон байх. Толгой шийр цувдай идэхээрээ бага нас минь санагдаад нэг л танил байдаг. Тэр үед чинь айл болгоны сайхан хоолны нэг толгой шийр байсан. Одоо ч манай хүндэтгэлийн ширээний хоол хонины толгой байдаг. Нуугаад яахав, хааяа би таван цулаар хоол хийж иддэг. Гоё байдаг юм. “Гэдэс цувдай идээд байхдаа яахав дээ” гэсэн яриаг би олон хүний амнаас сонсч байсан. Гэдэс цувдай ч олдохгүй айл олон байгаа шүү дээ. Олны буянд босгож авсан сайхан амьдралыг дааж амьдрах хэрэгтэй. Урьд хэн байснаа хэзээ ч мартаж болохгүй.
-Хэдэн нас хүртлээ “Алтайн” гудамжинд байв. Амьдралын орчин өөрчлөгдөхөд ямар байсан бэ?
-Эмээ маань улсаас гурван өрөө байраар шагнуулаад манайх хороолол руу нүүсэн юм. Би тэгэхэд IV ангид байсан. Хүн ямар ч амьдралын орчинд аж төрж болно. Гагцхүү юм бүхэнд сэтгэлээрээ хандах нь чухал. Хүн өөрт ногдсон хэдэн жилээ хүнд муу юм хийхгүй, буруу санахгүй амьдрах хэрэгтэй. Би зөвхөн өнөөдрөөр л амьдардаг. Яагаад гэхээр маргааш намайг юу хүлээж буйг мэдэхгүй. Зөвхөн өнөөдөр би сайн сайхан зүйл бодож явахад ирээдүй маань ч намайг тэр өдрөөр угтана.
-Таны тухай сонин, хэвлэлээр байнга л шуугиж байх юм аа. Гадаад хүнтэй сууж байгаа гээд л?
-Бүүр канад хүнтэй гээд биччихсэн байна лээ. Би тийм хүн ч танихгүй. Хүнийг сонин, хэвлэлд бичиж болно. Гэхдээ тухайн хүний амьдралд ямар хохирол учирч байгааг бодож үзэх хэрэгтэй. Сониноо борлуулах гэж сенсаац хийлээ ч гэсэн жаахан бодитой л юм бичээсэй дээ. Энэ мэт янз бүрийн худал мэдээлэл, цуу ярианаас болоод би өдий хүртэл хүнтэй сууж чадахгүй байна. Үнэхээр би ханьтай болчих юм бол Сүхбаатарын талбай дээгүүр тэврэлдэж алхаад “Энэ миний хань” гэж зарлахад ч бэлэн байна. Тэр нь даанч алга. Энэ бүхнийг хараад “Надад хань байхгүй юм биш биз дээ” гэж бодохоор гуниг төрдөг. Хаа очиж би сэтгэлийн хаттай учраас өдий зэрэгтэй явна. Яагаад миний хийж буй сайн сайхан ажил, уран бүтээлийг бичиж болохгүй гэж. Яагаад миний хэдэн шавь нарыг зөв талаас бичиж болохгүй гэж. Өнөөдөр ноолуурын “Алтай”, “Говь”, “Гоёо” гэсэн компаниудын нүүр царай манай хүүхдүүд байдаг. Энэ бол тодорхой амжилт шүү дээ. Манай агентлагийн хүүхдүүд үнэхээр чадварлаг. Гоё сайхан хүн рүү хүмүүс тэмүүлдэг мөртлөө тэднийгээ байнга үгүйсгээд байгааг нь ойлгодоггүй юм.
-Та моделиуддаа сарын хэдэн төгрөгийн цалин өгдөг вэ?
-Тогтмол биш. Загвар өмсөгч хэдий олон газрын нүүр царай болж чадна тэр хүн их цалин авна. Модель бол өмссөн бүхнээ амилуулах хэрэгтэй. Шуудай нөмрөөд гарсан ч түүнийг тайзан дээр амилуулах нь чухал. Харин зарим моделиуд хувцсаа биш өөрийгөө тайзан дээр сурталчлаад байдагт харамсдаг. Хэрвээ хийсэн хувцсыг нь амилуулж чадах юм бол дизайнерууд хамгийн түрүүнд сайн моделио дуудаж шилдэг загвараа өмсгөдөг. Манай дизайнерууд ч гэсэн дэлхийд гайхагдсан загвар зохион, хөрөнгө мөнгөтэй болж, моделиудаа өөрийнхөө сонголтоор хангалттай үнээр авдаг болоосой.
-Та дээр ярилаа. “Уг нь би хүнтэй суумаар л байна. Даанч...” гээд л. Алдар нэр амьдралд бас чөдөр болоод байна уу?
-Хэтэрхий их олны танил байх хэцүү юм аа. Ний нуугүй... Үргэлжлэлийг эндээс уншина уу
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )