Монголчууд дэлхийд гайхуулах юм ихтэй. Байгалийн баялгаар удахгүй дэлхийд эхний 10-т бичигдэх нь тодорхой болсон. Гэхдээ байгаль эхийн үлдээсэн баялаг бол хэмжээтэй. Өнөөдөр хамаг баялгаа хамаад дуусчихсан улс ч бий. Харин монголчуудад байгалийн баялгаас нь үнэ цэнтэй юм олон байгаа. Тэдгээрт Хүннү гүрний үеийн түүхэн баримт, олдворууд зүй ёсоор орно. Өв их соёл, угсаа гарвал маань бас багтана. Эдгээрийг илэрхийлэх эд мөрийн баримтууд гэвэл түүхийн нэн ховор эд өлгийн зүйлс юм. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд ховор, бүр үнэлж баршгүй гэсэн ангилал бүхий нандин бүтээл, өв сангийн зүйлсээ гадаад руу хулгайгаар гарган ор сураггүй алга болгосоор байгаа юм. Энэ талаар Zindaa.mn сайт нэг бус удаа мэдээлж байлаа. Зарим хулгайчууд нь баригдаж, ял эдлэх болсон. Гэхдээ тэдгээр хулгайн хар мөртөнгүүдийг бүгдийг баривчилж чадаагүй байна. Интерполоор эрэн сурвалжилж буй хүмүүс ч бий. Өнгөрсөн гуравдугаар сард Говь-Алтай аймгийн музей гэмт халдлагад өртсөн. Нүүрэндээ баг угласан тэдгээр дээрэмчдийг одоо болтол олоогүй байгаа. Дээрэмчид музейн манаачийг барьж хүлээд хамаг сан хөмрөгийг нь онгичин тонохдоо эртний ховор эд өлгийн зүйлсийг нь авч явсан байв. Мөн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Бургастайн амны хадан агуйгаас 1980-аад оны дундуур эртний язгууртан эмэгтэйн занданшуулсан цогцос олдсон юм. Энэ нь Монголын археологийн шинжлэх ухаанд том ололтыг авчирчээ. Гэвч бас хулгайн замаар орсон байна. 2009 онд АНУ-д зохион байгуулсан нэгэн үзэсгэлэнд тавьж дэлхий нийтэд сурталчилна гэж авч яваад буцааж авчраагүй гэнэ. Олон улсын үзэсгэлэнгийн зүйлсийг орон нутгийн музейн ажилтнууд авч явахгүй. Үүнийг яам, тамгын газрын эрх мэдэлтнүүд л мэдэх учиртай. Уг нь тэрхүү занданшуулсан шарилыг шинжлэх ухааны хүрээлэнгийнхэн сэргээн засварлахаар ажиллаж байсан гэдэг. Учрыг мэдэх хүмүүсээс нь уг шарилыг лавлаж асуухад хэн, хаана, ямар гэрээ хэлэлцээрийн дагуу аваад явсан талаар баримт бичиг байдаггүй ажээ. Зүгээр л гудамжнаас чулуу түүгээд авсан мэт юу ч болоогүй царайлан гөлийгөөд сууж буй түшмэд цөөнгүй гэнэ. Энэ ч арай дэндэж байна аа.
Б.Отгонбаяр.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )