Хиймэл дагуулын ажиглалтын мэдээллээр Номхон далайн гадаргын дулаарал болох Эль-Ниньо үзэгдэл хэдэн жил “нам гүм” байсны дараа 2026 оны зургаадугаар сард дахин эхэлсэн нь батлагджээ. Энэ үзэгдлийг дэлхий дээр тохиолдож буй бараг бүх цаг агаар, уур амьсгалын сөрөг үзэгдлийн буруутан гэж үздэг. Үүнд хэт халалт, үер, ган гачиг, ургац алдагдах, тэр ч бүү хэл ер бусын хүйтэн өвөл ч багтдаг. Тэгвэл энэ удаа юу болох талаар шинжээчид ярьж байна.
Албан ёсны тодорхойлолтоор Эль-Ниньо хараахан эхлээгүй. Харин бодит байдал дээр эхэлчихсэн гэж хэлж болно. Бид зөвхөн хиймэл дагуулын мэдээлэл ашигладаггүй. Хиймэл дагуулууд голдуу далайн түвшний өндрийн өөрчлөлтийг хэмждэг бөгөөд Эль-Ниньогийн үед энэ үзүүлэлт өөрчлөгддөг. Харин үүнээс гадна далайд хөвж байдаг хөвүүрийн станцууд усны температурыг хэмждэг. Албан ёсоор Эль-Ниньо болсон гэж үзэхийн тулд Номхон далайн экваторын бүсийн усны гадаргын температур дундаж хэмжээнээс дор хаяж 0.5°C-аар 3–5 сарын турш өндөр байх ёстой. Одоогоор таван сар болоогүй байгаа. Учир нь 0.5 хэмийн босго зөвхөн тавдугаар сард давсан. Харин өнөөдөр тухайн бүсийн температурын хазайлт аль хэдийн 1°C-ээс давсан байна. Загвар тооцооллуудаар энэ дулаарал оны эцэс хүртэл үргэлжилж, хамгийн оргил үедээ арваннэгдүгээр сараас дараагийн оны нэгдүгээр сар хүртэл хүрнэ гэж үзэж байна. Тиймээс нэр томьёоны хатуу шаардлагаар бус бодит нөхцөлөөр авч үзвэл Эль-Ниньо эхэлсэн гэж хэлж болно.

Эль-Ниньо бол ган гачиг, халуун, үер, загас болон далайн амьтдын олноороо үхэл зэрэг бүх гай гамшгийн шалтгаан гэсэн айдас 1877 оны аймшигт Эль-Ниньо-той холбоотой домгоос үүдэлтэй. Тухайн үед сая сая хүн амь үрэгдсэн гэдэг. Гэхдээ тэд яг Эль-Ниньогийн улмаас бус, харин өлсгөлөн дагуулсан энгийн ган гачгийн улмаас нас барсан байж болохыг үгүйсгэх аргагүй. Тэр үеийн дүгнэлтүүд ч хангалттай найдвартай мэдээлэл дээр үндэслээгүй. Бидэнд зөвхөн арлууд болон эргийн бүсээс хийсэн цөөн ажиглалт л байдаг. Харин Номхон далайн төв хэсэгт яг юу болж байсан талаар бид мэдэхгүй. 1877 онд өнөөгийнх шиг хөвүүрийн станц ч байгаагүй, хиймэл дагуулын ажиглалт бүр ч байсангүй. Эдгээр технологи зөвхөн XX зууны сүүл үеэс бий болсон. Иймээс хоёрхон цэгийн хэмжилтээр тухайн үеийн “Супер Эль-Ниньо”-г үнэлэх нь маш хүндрэлтэй.
Харин өнөөдөр бид далайн хэдэн зуун цэгээс мэдээлэл авч байна. Нөгөө талаар орчин үеийн дэлхийн нийгэм уур амьсгалын өөрчлөлтөд XIX зууныхтай харьцуулахад хавьгүй сайн дасан зохицох чадвартай болсон. Магадгүй Индонезийн кофе эсвэл Энэтхэгийн будаа хомсдож болох ч дэлхийн эдийн засаг өөр бүс нутгаас импортлох замаар иймэрхүү хүндрэлүүдийг зохицуулж сурсан. Орчин үеийн соёл иргэншлийн хувьд энэ нь дэлхийн хэмжээний сүйрэл биш. Тэгэхээр Эль-Ниньог байгалийн гамшиг гэж үзэх үү? Галт уулын дэлбэрэлт, цүнами, эсвэл саяхан Венесуэлд болсон газар хөдлөлт шиг үзэгдлийг бараг урьдчилан таамаглах боломжгүй. Харин Эль-Ниньо бол мөчлөгт үйл явц. Бид үүнийг ойролцоогоор есөн сарын өмнөөс урьдчилан таамаглаж, анхааруулга өгөх боломжтой. Мэдээж тодорхой хэмжээний хохирол учруулдаг. Гэхдээ урьдчилан бэлтгэж, эдийн засгийн урсгалыг зохицуулан өртсөн бүс нутгуудад туслах боломжтой. Сүүлийн 50 жилийн хугацаанд 1982–1983, 1997–1998, 2015–2016 онуудад гурван удаагийн Супер Эль-Ниньо болсон. Гэсэн ч дэлхий нийтийг хамарсан сүйрэл болоогүй.
Шалтгаан үүсээгүй байхад үр дагавар нь түрүүлж гарч ирэх боломжгүй. Харин оны төгсгөл гэхэд Эль-Ниньогийн нөлөө мэдэгдэхүйц болно. Зарим загварын тооцоогоор Номхон далайн экваторын бүсийн температурын хазайлт 3°C, харин эргийн бүсэд 5°C-ээс ч давж болзошгүй. Мянга мянган километр үргэлжилдэг далайн бүсэд ийм хэмжээний дулаарал маш том хүчин зүйл. Тиймээс энэ удаагийн Эль-Ниньог “Супер” гэж нэрлэж байгаа юм.

Тэгвэл энэ өвөл ч бас ердийнхөөс дулаан болох уу? Уур амьсгалын систем маш нарийн төвөгтэй. Ганцхан хүчин зүйлээр дэлхийн хэмжээнд дүгнэлт хийх боломжгүй. Эль-Ниньо шиг хүчтэй үзэгдэл хүртэл дэлхийн жилийн дундаж температурыг ойролцоогоор 0.2°C-аар нэмэгдүүлдэг. Энэ нь уур амьсгалын олон системийн тэнцвэрийг алдагдуулах хэмжээний том өөрчлөлт боловч дэлхийг бүхэлд нь “хэт халуулах” хэмжээний нөлөө биш. Евразийн өвлийн тухайд олон статистикийн судалгаагаар Эль-Ниньогийн жилүүдэд температур ерөнхийдөө хэвийн хэмжээнээс өндөр байдаг нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл өвөл илүү дулаан болно гэсэн үг.
Гэхдээ халуун бүсэд Эль-Ниньогийн нөлөө давамгайлдаг бол сэрүүн өргөрөгт өөр олон уур амьсгалын хүчин зүйл түүний нөлөөг сааруулж эсвэл бүр дарж чаддаг. Жишээлбэл, Атлантын далайн Хойд Атлантын хэлбэлзэл, эсвэл Сибирийн хүчтэй антициклон зэрэг үзэгдлүүд манай бүс нутгийн өвлийн цаг агаарт ихээхэн нөлөөлдөг бөгөөд эдгээр нь Эль-Ниньотой холбоогүй. Тиймээс хүчтэй Эль-Ниньогийн жил Евроазид дулаан өвөл болох магадлал өндөр ч, хэрэв маш хүчтэй Сибирийн антициклон үүсвэл Сибирьт ч ихээхэн хүйтэн агаар авчирч болно. Ийм тохиолдолд Сибирийн антициклоны нөлөө Эль-Ниньогийн дулаацуулах нөлөөг давж, өвөл бүр илүү хүйтэн ч болж мэднэ. Ийм төрлийн олон хүчин зүйл зэрэгцэн үйлчилдэг учраас сэрүүн бүсийн цаг уурыг халуун бүсийнхээс урьдчилан тооцоолоход илүү төвөгтэй байдаг.

Эль-Ниньо үзэгдлийг хамгийн анх Перугийн загасчид ажигласан байдаг. Тэд Өмнөд Америкийн эрэг орчмын загасны агнуур Зул сарын өмнөхөн огцом багасдагийг ажиглажээ. Тиймээс энэ үзэгдлийг испани хэлээр “Эль-Ниньо” буюу “Христийн нялх хүү” гэж нэрлэсэн. Эхэндээ загасчид үүнийг Зул сарын баярын үеийн богинохон амралт мэтээр ойлгодог байсан. Харин дараа нь зарим жил загас хоёр, гурван долоо хоног бус, олон сарын турш алга болдгийг мэдсэн. Ингэснээр загас агнуур удаан хугацаагаар зогсож, эдийн засагт их хэмжээний хохирол учруулдаг. Гэвч дараа нь судалгаагаар загас үхдэггүй, харин илүү хүйтэн устай бүс рүү нүүдэллэдэг болох нь тогтоогдсон. Тэдгээр газар нь уламжлалт загас агнуурын бүс биш учраас загасчид богино хугацаанд хүрч очих боломжгүй байдаг. Иймээс Эль-Ниньо нь загас агнуурын салбарт эргэлзээгүй эдийн засгийн хохирол учруулдаг юм.
Сэтгэгдэл ( 0 )