Б.Хурцыг өмөөрсөн иргэд Английн Элчин сайдын яамны үүдэнд жагсав

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 02

Английн шүүх Б.Хурцыг Германы талд шилжүүлэх тухай шийдвэрээ хэвээр үлдээж, энэ тухайгаа албан ёсоор мэдэгдсэнээс хойш монголчуудын дунд янз бүрийн яриа, жагсаал, цуглаан өрнөж эхлэв. Түүний өмгөөлөгчид Английн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, үүсээд байгаа асуудлын талаар Олон улсын шүүхэд өргөдөл гарган шийдвэрлүүлэхээ мэдэгдсэн юм. Тэд Англиас Монголд сууж байсан Элчин сайд Диксон гэгч нь Б.Хурцыг баривчлахад оролцсон гэж байна. Английн тал харин Б.Хурцыг баривчилсны дараахан элчин сайдаа нутагтаа дуудаж аваачаад өөр албан тушаалд шилжүүлжээ. Английн Элчин сайд Диксон тухайн үед Б.Хурцад төрийн албан хаагчийн албан ажлаар Англид зорчих виз олгоогүй, зөвхөн аялал жуулчлалын виз олгосон нь ч бас анхаарал татлаа. Энэ бүхнийг Олон улсын шүүхээс хэрхэн шийдэхийг хүлээх үлдэж байх шиг байна. Харин Монгол дахь Б.Хурцын ар гэрийнхэн болон найз нөхөд нь өнөөдөр Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Улаанбаатар дахь ЭСЯ-ны үүдэнд жагсаал хийлээ.Энэ нь  Б.Хурцыг суллахыг шаардсан тэдний гурав дахь жагсаал юм. “Английн тал манай улсыг хэтэрхий басамжилж байна. Б.Хурцыг суллахгүй бол тус улсаас Монголд үйл ажиллагаа явуулж байгаа, тодруулбал Оюу толгойг ашиглах гэрээтэй Рио Тинто компанийг эх орноосоо хөөж явуулна” гэх мэт санаа бодлоо ч энэ үеэр жагсагчид хэлээд авав. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга асан Б.Хурцыг Герман руу чухам хэзээ шилжүүлэх нь одоогоор тодорхойгүй байгаа ажээ.    

Х.Тулга                                       

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top