Н.Энхбаяр зөвхөн цөсний чулуугаа авахуулах гэж Солонгос руу яваагүй гэнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 03

МАХН-ын дарга Н.Энхбаяр цөсний чулуу авахуулах мэс засал хийлгэсэн гэнэ. Ийм мэс заслыг Монголдоо биш, Солонгост очиж хийлгэжээ. Уг нь иймэрхүү мэс заслыг манай хэдэн эмч нар өлхөн хийчихтэйгээ л дээ. Цөсний чулуу авах бүү хэл бөөр шилжүүлэн суулгадаг болсон. Тун удахгүй элэг шилжүүлэн суулгах мэс засал хийдэг болно. Монгол эмч нараа голох аргагүй. Харин багтаж ядсан их мөнгөтэй С.Баяраас эхлээд Америк, Солонгос руу нисч очоод эмчлүүлэх нэрээр тансаглаж байгаад ирдэг төрийн тэрбумтнууд олширч буй тул манай алтан гарт эмч нар ийнхүү тэдэнд “гологдож” байна. Н.Энхбаяр ч монгол эмч нараа С.Баярын адил “голж” харийн орныг зорьжээ. Гэхдээ тэр маш нууцлаг байдлаар Солонгост очсон нь хачирхалтай. Намынх нь нөхдөөс энэ талаар мэдэх хүн бараг байгаагүй бололтой. Хамгийн сайн мэдэх ёстой УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр нь “Би энэ талаар сонсоогүй. Солонгос руу явсныг нь ч мэдээгүй юм байна” гэлээ. Харин МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал “Н.Энхбаяр дарга цөснийхөө чулууг авахуулсан нь үнэн” гэж байна. Ямартай ч Н.Энхбаяр долоон сарын сүүлчээр Солонгос руу цөсний чулуугаа авахуулахаар явсан бололтой. Монголдоо ийм эмчилгээ хийлгэж болохгүй байсан нь бас өөр учир шалтгаантай ч байж магадгүй юм. Тэр сүүлийн үед эрх баригчидтай “дайн” зарлаад байгаа. Түүнд одоо олон “дайсан” бий. Олноо зарлан мэдэгдсэн 15 олигархи нь түүний хөдлөх бүрийг анаж суугаа. Тиймээс мань хүн аюулгүй байдлаа бодоод Солонгос явсан гэх хүн бас гарч ирж байгаа ажээ. Хэрвээ энэ үнэн бол Монголын улс төрийн нөхцөл байдал улам зэрлэгшиж буйн шинж гэлтэй. Нөгөөтэйгүүр Н.Энхбаяр цөсний чулуугаа авахуулах  нэрээр Солонгос ноёдтой сэм уулзаж, хувьсгалынхаа санхүүжилтийг босгох талаар ярилцсан гэх мэдээлэл ч олны чих дэлсэв. Түүний гол “дайсан” болоод байгаа С.Баяр нь хааяа сэмхэн хойд хилийн орчимд ан гөрөө, загас жараахай эргүүлэх далимаараа В.Путинтэй уулзаад ирдэг гэсэн. Н.Энхбаяр ч урьд нь Солонгосын томчуудтай нэг бус уулзаж байлаа. Хувь, хувьсгалын их л юм ярилцаж явсан байх. Тиймээс Н.Энхбаяр цөснийхөө чулууг түүлгэж хэвтэхдээ хувьсгалынхаа мөнгө, санхүүг тооцоолоод Солонгос ноёдтой холбоо барьж байсныг үгүйсгэх аргагүй юм.     

Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top