“Бууг би сумтай байхыг мэдэлгүй цочоод л дарчихсан”

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 03

Дархан-Уул аймгийн Хонгор суманд 16 настай хүү хүн буудсан хэрэг гарсан талаар манай сонин урьд мэдээлж байсан. Энэ хэргийн мөрөөр сурвалжлах хэсэг Хонгор сумыг өнгөрсөн ням гарагийн орой зорьсон юм. Биднийг Хонгор суманд очих үед 21.00 болж байсан тул хэргийн талаар мэдээлэл өгөх хүн байхгүй байв. Хоёр, гурван хүнсний дэлгүүр, мөн тооны цэнгээний газрууд нээлттэй байхыг эс тооцох юм бол тэнд өөр онгорхой хаалгатай үйлчилгээний байгууллага угтсангүй. Бид буудалд хоноглохоор төлөвлөсөн байсан ч, төлөвлөгөө маань талаар өнгөрлөө.
Харин энэ үед нутгийн иргэн н.Мөнхбаатартай тааралдсан маань завшаан болов. Тэрбээр бидний учир байдлыг сонсоод "Сумын хэмжээнд ганц л буудал байдаг. Тэр нь хүн хүлээж авахаасаа авахгүй нь их. Манайх энүүхэнд, Хараа голын цаана бий. Манайд хоноод явахгүй юу даа" гэснийнх нь дагуу тэднийх руу явлаа. Бидний хоносон айл сумын төвөөсөө 3-4 км орчим зайтай аж. Өглөө хөдөөнийхөн аль эрт ажилдаа гарчихсан байхад сумын төвд буй айлууд эд нойрон дундаа, 10.00 цаг гэхэд сая сумын төвд хөдөлгөөн орж эхэллээ.
Сумын Засаг дарга нь амралтаа аваад хөдөө явсан гэнэ. Засаг даргын орлогч нь сургалттай гээд хотыг зорьжээ. Ерөнхийдөө сумыг байгууллагуудынх нь үүдний жижүүрүүд л манаж үлдсэн байх юм. Тэдэнд мэдэх юм ховор "Би сайн мэдэхгүй. Манай дарга л мэднэ. Одоо амралтаа авчихсан. Удахгүй ажилдаа орох байх. Ирэхээр нь асуучих" гэсэн тайлбар өгнө. Сурвалжлахаар зорьж очсон хэргийнхээ мэдээллийг авахаар сумын цагдаагийн байрны үүдэнд нэлээд хүлээсний эцэст тус сумын цагдаа Б.Пүрэвдоржтой уулзсан юм.
Дээрх хэрэг гарах үед тэрбээр хөдөө ажлаар явж байсан гэнэ. Тухайн хэргийн дуудлага Дархан-Уул аймгийн цагдаагийн хэлтэст ирснээр аймгаас бүрэлдэхүүн гаргаж тус хэргийн газар очсон байна. Тиймээс Хонгор сумын цагдаа тухайн хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэсэн тул бид Дархан-Уул аймгийг зорилоо.
Дээрх хэргийг аймгийн Мөрдөн байцаах тасаг хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Сэжигтэн хүүг аймгийн урьдчилан цагдан хорих төвд саатуулж байгаа аж. Мөрдөн байцаах тасгийн дарга Н.Хадаа "Хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Шалгаж эхлээд байна. Энэ хэргийг наанадаж cap гаруй хугацаанд шалгах шаардлагатай" гээд өөр зүйл ярихыг татгалзсан юм. Тиймээс бид хэрэг гарсан айлын эзэгтэй болох Х.Соёлтой утсаар холбогдлоо.    
Тэрбээр "Хэрэг гардаг өдөр манай нөхөр Дунд гол руу ажлаар явсан байсан. Манай малыг хөлсөөр малладаг хүү санаатайгаар хүн буудах хүн биш. Санамсаргүй байдлаас ийм хэрэг гарлаа. Хэрэг гарах үед нэлээд орой болж, бүрэнхий болсон байсан. Тухайн үед гэртээ би байсан юм. Харин манайд мал малладаг хүү гадаа байсан. Гэтэл хүүхдүүд "Манайх руу нэг хүн ирж байна" гэсэн. Хөлсөөр мал малладаг хүү гадаа байсан болохоор нохой хориод өгчих байх гэж бодоод гэрээс гараагүй юм. Гэтэл гадаа гэнэт буун дуу гарсан. Тэгээд гүйгээд гартал манай нутгийн сайн танил н.Тамираа буудуулчихсан хэвтэж байсан. Болсон явдлын талаар хамаагүй дэлгэрэнгүй ярьж болохгүй байна. Учир нь бид хүний хүүхдээр малаа маллуулдаг байсан. Гэтэл тэр хүү манайд байж байгаад ийм санамсаргүй юм боллоо" гэсэн юм.
Үүний дараа гэмт хэргийн хохирогчдын ар гэрийнхэнтэй холбогдсон юм. Тэдний хэлснээр бол иргэн н.Тамирааг буудуулсан даруйд ГССҮГ-д хүргэсэн байна. Түүнийг калибрь буугаар буудсан бөгөөд зүүн хацар орчимд нь сум орж дагзаар гарчээ. Гэхдээ сум амин судаснаас холуур өнгөрсөн учраас амьд үлджээ. Хохирогчийн биеийн байдал гайгүй, эмчилгээ их шаардлагатай байгаа талаар түүний ар гэрийнхэн хэлж байсан юм. Тэдний хэлснээр н.Тамираа нь малын эрэлд явж байгаад оройтож айлд очиж хонох гэж байгаад санамсаргүйгээр буудуулжээ. Буу алдсан хүүг н.Тамираа сайн мэдэхээс гадна хүүг хөлсөлж малаа хариулгадаг айлынхтай олон жил айл саахалт явсан гэнэ. Харин буу алдсан хүү "Бууг би сумтай байхыг мэдэлгүй цочоод л дарчихсан" гэж мэдүүлээд байгаа гэнэ.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top