ЭНЭШТ-ийн их эмч Б.Одгэрэл, С.Очир нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ. Баянгол дүүргийн шүүхэд болсон эмч нарыг шүүх хурал өнгөрсөн даваа гарагийн 14 цагаас шөнийн 23 цаг хүртэл явагдсан байна. Хэдийгээр шүүх хурал баасан гарагт буюу долдугаар сарын 29-нд товлогдсон байсан ч шүүгдэгчийн өмгөөлөгч ирээгүй гэсэн үндэслэлээр хойшлогдсон юм. Эрүүгийн хуулийн 106.2-оор зүйлчилсэн хэргийн шүүх хурлыг Баянгол дүүргийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж, улсын яллагчаар прокурор Ц.Цэцэгсүрэн оролцсон байна. Шүүгч хэргийг хянаж үзээд эмч нарын гаргасан дүгнэлт зэрэг нь хоорондоо зөрүүтэй. Мөн эмч нар өөрсдийн гаргасан дүгнэлтээ баталж чадахгүй байна гэсэн шалтгаанаар мөрдөн байцаалтад буцаажээ.
Энэхүү хэргийн тухайд 2008 онд эмч, эмнэлгийн оношилсноос тархи нь үхжиж, насаараа тахир дутуу болсон байна. Иймээс хохирогчид Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргаснаар эмч Б.Одгэрэл, С.Очир нарт эрүүгийн хэрэг үүсгэжээ. Гэтэл 2008 онд гарсан энэ хэргийн анхан шатны шүүх хурал гурван жилийн дараа болж байгаа юм. Хохирогчдын ярьж буйгаар цагдаа нар хэргийг шалгаж эхлэх үед М.Номинжингийн өвчний түүх солигдож , “Төрөлхийн тархины гажигтай” гэх хуурамч дүгнэлт хийгдсэн байжээ. Харин өнгөрсөн хугацаанд гурван ч удаа Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлт гарсан гэнэ. Тодруулбал, 2009 оны 10 дугаар сарын таванд “Тавдугаар сарын 11-нд М.Номинжин охин ЭНЭШТ-д эмчлэгдэж байхад нь баруун эгэмний доорх венийн судсанд гуурс тавих явцад уушги хатгагдаж, баруун эгэмний гялтангийн хөндийд хий хуралдан өвчлөл үүссэн. Улмаар амьсгалын дутагдал хавсарсан байдлаар гүнзгийрч сэхээн амьдруулах арга хэмжээ авсны үр дүнд амь нас нь аврагдсан байна” гэсэн дүгнэлт гарчээ. Гэтэл 2009 оны 12 дугаар сараас ЭНЭШТ-ийн эмч С.Очир, Б.Одгэрэл, Б.Гэрэлтуяа, С.Энхтуяа нар нь хохирогчийн өвчний түүхийг архиваас гурван удаа авсан гэнэ. Ингэснээр шүүх эмнэлгийн хоёр, гурав дахь дүгнэлтийг булзааруулж, “төрөлхийн өвчтэй” гэж гаргах болжээ.
Энэ талаар хохирогчийн ээж Б.Одончимэг ярихдаа “Ер нь энэ хэрэг замхрах хандлагатай болж байна. Анхан шатны шүүх хурал хэд хэдэн удаа хойшлогдож, гурван жилийн дараа болсон ч мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргалаа. Гурван жил шалгаж байж шүүх хурал нь болж байгаа юм чинь мөрдөн байцаалт нь бас л удах биз. Шүүх хурал дээр н.Ундармаа эмчээс бусад нь өөрсдийнхөө гаргасан дүгнэлтийг баталж чадахгүй байсан. Өөрөөр хэлбэл, миний охиныг төрөлхийн өвчтэй гэж нотолж чадаагүй. Шүүх эмнэлгийн дарга Г.Дагиймаа болохоор асуудлыг бөөрөнхийлж байна лээ. Миний хувьд энэ эмч нарыг шоронд хориулах гээд улайраад байгаа юм биш. Эднийг хорилоо гээд миний охин зүгээр болохгүй. Тий-мээс цаашид ийм зүйл дахин бүү давтагдаасай гэсэндээ, хүний нялх үрийг битгий насаар нь тахир дутуу болгоосой гэдэг үүднээс хандаж байна. Хамгийн гол нь эмч нар өөрсдийнхөө бурууг хүлээх ёстой” гэж байсан юм.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )