Б.Хурцыг тойрсон олон асуудал шилээ даран гарч байна. Английн шүүх түүнийг Германы талд шилжүүлэхээр болсон. Манай Засгийн газар давж заалдах өргөдөл өгөөд нэмэр болсонгүй. Өмгөөлөгчид нь Англиас Монголд сууж байсан элчин сайд руу нь хамаг бурууг чихэж, эцэст нь Олон улсын шүүхэд хандахаа мэдэгдсэн. Гэвч Английн тал үүнийг огт тоосон янзгүй. Германчууд харин Б.Хурцыг хэрхэн шүүх нь одоогоор бүрхэг байна. С.Зориг агсны хэрэгт холбогдуулан Бельги, Германаар дамжуулан Францаас Д.Энхбатыг хулгайлж авчирсанд тус улсын цагдаа, тагнуулын албаныхан түүнийг буруутгах нь тодорхой болов уу. Д.Энхбат агсны одоо Германд амьдарч байгаа хүүхдүүд хэдэн сарын өмнө эцгийхээ үхэлд буруутай хүмүүст хариуцлага хүлээлгэхийг анхааруулсан хүсэлт, мэдээллээ Германы холбогдох байгууллагад өгсөн юм. Үүнд лав тус улсын шүүх анхаарал хандуулж таарах байх. Харин саяхнаас зарим хэвлэлүүдээр Английн тагнуулын ажилтнууд Б.Хурцын хамсаатнуудыг олж илрүүлэх дараагийн ажиллагаандаа шилжсэн тухай мэдээлэл цацагдаж эхэллээ. Хэрвээ энэ үнэн бол манай Засгийн газарт нэлээд дарамт учирч мэднэ. Хэн гэдэг дарга ийм хууль бус шийдвэр гаргасан бэ гэх зэрэг тодорхой бус байгаа юм болгон босоод ирнэ. Д.Энхбат агсныг хууль бусаар, хулгайн замаар баривчлах ажилд Б.Хурцын хамт тагнуулын хоёр ажилтан хамт явсан гэдэг. Одоо тэдний нэр, хаяг, хаана, юу хийж байгаа талаар хэн ч мэдэхгүй байгаа. Бас огт ярихгүй байна. Гэхдээ мэдэх хүмүүс нь мэдэж байгаа. Харин тэд дэндүү цөөхөн болов уу. Сураг сонсоход Б.Хурцын хамт хүн хулгайлсан ажилтнууд аль эрт гадаад руу гарч явсан бололтой. Үүнийг Английн тагнуулчид сайн мэдэж байгаа байх. Мөн Бельги, Герман, Францад тухайн үед Б.Хурц нарт үйлчилж байсан хүмүүс бий. Тэдгээр хүмүүс тэндээ урьдын адил ажиллаж амьдарч байгаа гэнэ. Энэ талаар Zindaa.mn дахин мэдээлэх болно.
Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал
Сэтгэгдэл ( 0 )