Монгол Улсад цоо шинэ фашист нам мэндэллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 03

МАХН тарна гэсэн зөгнөл гэнэт биелнэ гэж хүмүүс бодож байгаагүй биз. Гэсэн ч манай улсад фашист нам жинхэнэ утгаараа төрлөө. МАХН тардгаараа тарчихлаа. Гэтэл нэрийг нь сэргээхийн төлөө тэмцэж явсан Ц.Шинэбаярын жинхэнэ санаа бодлыг мэдэх хүн хэвлэлийнхэн байтугай, улс төрийн хүрээнийхэн дунд байгаагүй. Ц.Шинэбаяр гишүүн экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын үзэл бодол, үйл хэргийг хүлээн зөвшөөрөөгүй учир санал зөрсөн биш аж. Харин Ц.Шинэбаяр гишүүнийхээр бол экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр хэзээ ч Монголын үндсэрхэг үзэлтнүүдийг хүлээн зөвшөөрөгч байсангүй гэнэ. Эндээс харахад Н.Энхбаяраас нүүр буруулагчдын үнэн төрх тодрох шиг боллоо. Тэд үнэнхүү үндсэрхэг үзэлтнээр барахгүй Монголын национализмыг тунхаглагчид байжээ. Энэ нь өчигдрийн болсон хэвлэлийн бага хурлын үеэр УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярын бүгдийг сэрдхийлгэсэн нэгэн үзэгдлээс бэлхнээ харагдав. Нарийхан индэр дээр сахилга баттай зогсоод үг хэлэх Ц.Шинэбаяр гишүүний ард яг түүн шиг хувцасласан өөрөөр хэлбэл, бүгд хар хөх өнгийн хослол, цэнхэр зангиатай, богинохон үстэй залуус яг л 1930-аад оны сүүлчээр Адольф Гитлер баривчлагдахаасаа өмнө индэр дээр үг хэлж байсан шиг сүртэй зогсож байв. Хэрвээ ажигч хүн сайн харах юм бол тэдний хэвлэлийн  хурлыг дэндүү энгийн хувцас өмссөн Монголын нацист, үндсэрхэг байгууллагын залуус хамгаалж буй нь нүдэнд илт. Тэдний нэг болох “Чоно” бүлгийн гишүүн Э-гээс энэ талаар тодруулахад, “биднийг хамгаалалтад гараарай гэсэн” гэхээс өөр үг хэлсэнгүй.

Сүүлийн үед ардчиллын үлгэр дуурайл гэдэг Европ тивээс авахуулаад хуучин ертөнцийнхөнд албан бусаар түгсэн үзэл бол мултинашн буюу олон үндэстний гэр бүлийн эсрэг үзэл юм. Үүнээс болж хэдхэн хоногийн өмнө Норвегийн Утоя арал болон Осло хотын төв дэх аймшигт аллагыг үйлдсэн Андрей Беринг Брейвик үйлдсэн хэргээ олон үндэстэн, ялангуяа Европ тивд лалынхан олноор ирж суурьшсанаас болж үйлдсэн хэмээдэг. Ерөнхийдөө “нэг улс, нэг үндэстэн” хэмээх нэр томъёо коммунист нийгмийн олон үндэстний тэгш эрх байх зарчим болон АНУ дахь хүн бүр тэгш эрхтэй хэмээх номлолын эсрэг явж байна. Энэ зарчмаас ч Монгол Улс гажихгүй бололтой. Ерөнхийдөө өнөөгийн нийгэмд Европ тив болон ОХУ даяар явагдаж байгаа нэгэн улс төрийн онцгой хэлбэр гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрээд байна. Энэ нь юу вэ гэвэл мультинашн олон үндэстэн, олон шашинтан бус, харин нэг үндэстэн, нэг улс гэсэн санааг явуулдаг болсны үр дүн гэхэд болно. Угаасаа Европын шинэ үзэгдэл бүхнийг Ази тив даяар сурталчилдаг “имформашн” үндэстнийхээ хувьд монголчууд өөрийн эрхгүй түүхэн үүргээ гүйцэтгэхээр урьдын адил Октябрийн хувьсгалыг импортлогч Монгол Улс болоод байна. Тэгээд л УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр “Хамуг Монгол” хэмээх нэн, цоо шинэ фашист  үзэлтэй намыг Монголын улс төрийн тавцанд хүчээр өргөн гаргаж ирлээ. Ингэснээр олигархийн загалмайлсан эцэг гэгддэг ч “Олигархиудын эсрэг тэмцэгч” Н.Энхбаяраас салан тусгаарласан нам эдүгээ монгол хүний үнэ цэнэт зүйлийг дөрөөлөн гарч ирэв хэмээлээ. Энэ удаа МАХН-ын хуучин нэрийг авсан Монгол Улсын улс төр дэх цөөнхийн толгой, шинэ нам мэдэгдэхүйц цохилт амсав бололтой. Өнөөдөр монголчуудад сүржин уриа барьж том жагссан нам биш, иргэн хүн өөрийнхөө үнэ цэнийг мэдрэхэд тусалдаг намын орон зай байсан нь тодорхой. Юутай ч Ц.Шинэбаяр гишүүний нэн шинэ намд “Үндсэрхэг үзэлтэн” залуус олноор элссэн нь анхаарал татаж буйг дурдахгүй өнгөрвөл хилс болох биз ээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top