Сүүлийн үед Төрийн ордон эзгүйрч эл хульхан байгаа ч өрөөндөө өнждөг идэвхтэй гишүүн ганц л байх юм. Тэр нь УИХ-ын гишүүн Р.Гончигдорж. Түүний хувьд УИХ- ын гишүүн Д.Дондогийн асуудлыг хэлэлцэхээр Халдашгүй байдлын дэд хороо хуралдвал эзгүй байх вий хэмээн болгоомжилж байгаа юмсанж. Тиймээс эрхэм гишүүн Төрийн ордонд ихэнх цагийг өнгөрүүлж байна. Нэгэн цагт Монгол Улсын дэд ерөнхийлөгчийн албыг хашиж явсан төрийн хар хүний хувьд ажилдаа хариуцлагатай гэдгээ харуулах гэж хичээсэн ч гэнэ алдав бололтой. Учир нь түүний харъяалагддаг Халдашгүй байдлын дэд хороо хэзээ хуралдах нь тун бүрхэг байна. Дэд хорооны дарга УИХ-ын гишүүн Ч.Улаан наадам хэсч яваа бол УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нутагтаа амарч байна. Харин ганцхан Р.Гончигдорж гишүүн л хурлаа хийх гэж хүлээж сууна. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж зохих шийдвэрийг гаргахыг хүлээвэл харганы толгойноос унгас түүж эсгий хийхийн үлгэр болж хоцрох вий дээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )