Ах дүү хоёрыг хороосон алуурчид ууланд бүгжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 03

Төв аймгийн Жаргалант сумын төвөөс 30 шахам км-ийн зайд орших Бор хужир багийн нутаг Дэлгэрбулаг хэмээх газарт ах дүү хоёрын амь насанд хүрсэн аймшигт хэрэг өнгөрсөн бямба гарагт гарчээ.  Хэрэг гарах үед  нутгийн залуус нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэхээр цугласан бөгөөд шөнө дундын үед залуусын найр маргаан болж, маргаан нь зодоон болсноос ах дүү хоёрын аминд  хүрсэн . Тодруулбал хөлчүүрхсэн залуус нэгэн рүүгээ дайрч, бүлэглэн зодсон байна.  Энэ үед зодуулж байсан залуугийн дүү охин ахыгаа авахаар ирсэн бөгөөд тэдний  дундуур орж зодооныг зогсоохоор оролдож байхдаа буудуулжээ.  Охиныг буудсан этгээд гэрээсээ буу авч ирэн бүгдийг чинь ална гэж сүрдүүлж байсан бөгөөд  түүнээс бууг нь булаах гэж байхад гал алдан, тэнэсэн суманд охин өртсөн гэж төрсөн өдрийн баярт оролцсон залуус хэлжээ.  Охин газар дээрээ нас барсан бөгөөд  ах нь Жаргалант сумын эмнэлэгт хүргэгдээд нас барсан бөгөөд талийгаач эмнэлэгт хүргэгдэхдээ хутганы шархтай байсныг эх сурвалжууд баталж байна.
Хэргийн газарт цагдаа нарыг ажиллахад ах, дүү нарын аминд хүрсэн байж болзошгүй хоёр сэжигтэн зугтаж, ууланд бүгжээ.  Одоогоор тэднийг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлээд байгаа бөгөөд уулыг самнаж байгаа гэнэ. 
Хэрэг болох үед байсан залуусыг одооогоор Төв аймгийн жаргалант сумын цагдаагийн газарт байцааж байгаа бөгөөд хэргийн талаархи дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор өгөх боломжгүй гэдгийг эх сурвалжууд хэллээ. 
Төрсөн өдрийн баярт оролцсон залуус  Төв аймгийн Угтаал, Жаргалант сумын харъяат бөгөөд ихэнх нь малчин, ганц нэг нь тариалан эрхэлдэг ажээ.  Харин талийгаачдийн аав 3 жилийн өмнө нас барсан бөгөөд ээжийг нь Хишигмаа гэдэг. Эднийх хоёр хүү, нэг охинтой бөгөөд хөвгүүд нь дунд сургуулиа төгсөөд ээждээ туслахаар мал дээр гарчээ. Харин талийгаач  охин энэ жил 11-р анги төгссөн ба дараа жил оюутан болно, хотод их сургуульд сурна гэж ярьдаг байсан гэнэ. Нутгийнхан талийгаач хүүг бусадтай ам мурийхааргүй даруухан, дуу цөөтэй, харин дүү нь эршүүд охин байсныг баталж байна. Харин цагдаагийнхан энэ хэргийг өс хонзонгын улмаас үйлдсэн байх магадлалтай гэж үзэж байгаа бөгөөд сэжигтнүүдийг олж, байцаасны дараагаар  мэдээлэл хийнэ гэж мэдэгдлээ.

А.Аюурзана
Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top