Хуртай, нартай сайхан зун болж байна. Нийслэлийн ургамал ургах бололцоотой газар бүхэнд бидний зориудаар хийсэн зүлэгнээс гадна ургуулахыг хүсээгүй ч лууль, төрөл бүрийн шарилж, халгай, хамхуул их хэмжээгээр ургажээ.
Энэ нь хотын гоёл болсон хивс шиг тачирхан байх ёстой ногоон байгууламжийн сүрийг дарж, хүмүүсийн анхаарал татахуйц хэмжээнд хүрчээ. Хүмүүст хогийн ургамал хэмээн адлагдах болсон лууль, шарилж, халгай, хамхуул нь нийслэлд өргөн тархацтай ургаж, өсөлт хөгжилт нь гүйцэж үр боловсрох шатандаа орсон байна.
Иймд хотын ногоон гоёлын сүрийг дарж байгаа эдгээр ургамлыг түүж цэвэрлэн, даруйхан хогийн цэгт хүргэх шаардлага тулгарлаа. Уг нь нийслэлийн хэмжээнд хогийн ургамлаа түүж, зүлгийг хяргаж, тэгшлэн байгуулсан цэцгийн мандлаа зэрлэг ургамлаас салгахад хүн хүч, хөрөнгө мөнгө нэг их шаардахгүй.
Харин нийслэлийн шат шатны байгууллага болон аж ахуйн нэгжүүдийн ажлыг зохион байгуулж, хүн хүчийг зохицуулахад л болох зүйл. Хотын нийтайн эзэмшлийн гудамж, цэцэрлэгийг хариуцдаг тохижилтын байгууллагууд наадмаас өмнө аль хэдийн энэ ажлыг эхэлсэн байх юм. Гэтэл хогийн ургамлыг цэвэрлэх талаар бүх шатны байгууллага, аж ахуй нэгжүүд, сургууль соёлын болон эрүүл мэндийн байгууллагууд санаачилга муутай байгаа нь ажиглагдаж байна.
Мөн тендерээр шалгарч тохижилт хийсэн байгууллагууд ч өөрсдийн хийсэн тохижилтын ажлаа дор хаяж 2-3 жил хариуцан ажиллахдаа тэр хугацаанд хийгдвэл зохих төрөл бүрийн арчилгааны ажлыг шаардлагатай хугацаанд нь бүрэн хийж байхыг тендер шалгаруулагч байгууллага анхаарч байвал зүгээр юм.
Жишээ дурдая. Өнгөрсөн онд Сөүлийн гудамжинд хийгдсэн тохижилтын ажлын зүлэгжүүлсэн байдлыг харахад зүлэгний зориулалтын үрээр бус зэрлэг ургамлын өөрөөр хэлбэл, шарилжны үр тарьсан юм шиг харагдаж байна. Энэ гудамжны эхэнд очсон хүмүүст ийм сэтгэгдэл төрөхөөр байгаа юм. Мөн тус гудамжны өмнөх хэн бүхний очих дуртай, эсвэл дайрч өнгөрдөг Ю.Цэдэнбалын нэрэмжит талбайд хийсэн цэцгийн мандлын ихэнх хэсэг нь хогийн ургамалд баригдаж зарим цэцэг нь харагдахгүй болсон байна.
Ер нь жилийн жилд зун, намар болоход орчин тойрныхоо хогийн ургамлыг түүж цэвэрлэдэг гэдгийг мартмааргүй баймаардаа. Хүн хүч дутагдалтай байгууллага аж ахуйн нэгжүүдийн хүсэлтээр төр засгийн шат шатны байгууллагаас мөнгө нэхэж өөрийн мэргэжил ажил хариуцах чадваргүй, мөн ажил хийх сонирхолгүй бэлэнчлэх сэтгэлгээтэй, ажилгүй хүмүүсийг дайчлан хогийн ургамал түүлгэх хэрэгтэй байна.
Тэдэнд хийсэн ажлын бүтээмжээр нь хөлс олгох талаар дүүрэг бүрийн хөдөлмөр, нийгэм хамгааллын байгууллагууд бодууштай юм. Хогийн ургамал нь талбайг бохирдуулахын зэрэгцээ хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, амьсгалын замын болон харшлын шинж чанартай өвчин эмгэгийг үүсгэдэг болохыг хүмүүс мэддэг ч орчин тойрондоо байгаа энэ сөрөг нөлөөллөөс хүнээр хэлүүлэлгүй салж бас болно гэдэгг төдийлөн санаа тавихгүй байна. Наанадаж эрүүл мэнд, цаанадаж хотынхоо өнгө үзэмжийг бодсон ч хогийн ургамлыг ойрын хугацаанд бүрэн түүж, цэвэрлэх хэрэгтэй байна.
Хогийн ургамлыг цаг алдалгүй цэвэрлэхгүй бол түүний сөрөг нөлөө бидний ирээдүй хойч үеийнхэнд ч сөрөг үр дагавраа хүртээсээр байх болно. Хогийн ургамлын үр ургах чадвараа удаан хадгалж хөрсөнд агуулагдаж байгаад таатай нөхцөл бүрдсэн үед маш хурдан төлжиж чаддаг онцлогтой. Тиймээс аливаа тохижилтыг гүйцэтгэхдээ хөрсийг сайтар боловсруулаагүй юм уу, солиогүй нөхцөлд хогийн ургамал илүүтэй ургадаг байна. Хогийн ургамал ургалт сайтай, хөрс голдоггүй үндэсний систем хүчтэй хөгжсөн байдаг нь зүлгэнд тарьсан үетэн ургамлаас илүүтэй өндөр ургаж үндсэн ургамлын ургах нөхцлийг хааж боогдуулдаг.
Нөгөөтэйгүүр хогийн ургамал их хэмжээний үрийг боловсорсон үедээ хөрсөнд хаядаг ба тэр нь өвөл хаврын болон аль ч улиралд тэсвэртэй ургах чадвараа сайн хадгалдаг онцлогтой. Тухайлбал, Туулын нэг бут ургалтын хугацаандаа 10000 ширхэг үрийг хөрсөнд цацдаг. Иймд хогийн ургамлын үр боловсорч цацахаас өмнө амжиж түүж цэвэрлэх нь чухал байгaa. Хогийн ургамлыг түүж цэвэрлэсэн даруйдаа ачиж зайлуулах шаардлагатай.
Учир нь үрийн боловсролтын сүүлийн шатандаа байгаа ургамлыг удаан хугацаагаар овоолж байлгавал үр нь болж талбайд хаягдана. Тиймээс цэвэрлэсэн хогийн ургамлыг талбайгаас түргэн холдуулах хэрэгтэй юм.
Я.Лхагвасүрэн /Агрономич Хот тохижилтын ахмад ажилтан/
Сэтгэгдэл ( 0 )