Улаанбаатарын гудамжаар хөлхөх хүмүүсийн цөөхөн нь сургуулийн захирал байдаг бол олонх нь оюутан байдаг. "МУИС хаана байдаг юм бэ" гэж асууж байгаа хэсэг нь хөдөөнийх. Үлдсэн нь хотынх.
Оюутнуудын нэг хэсэг нь сургалтын төлбөрөө төрөөс гаргуулдаг бол дийлэнх нь өөрөө төлдөг "чинээлэг" бүлэг. Тэднээс тоотой хэд нь ирээдүйд Ерөнхийлөгч болох магадлалтай бол үлдсэн нь сургуулиа төгсөөд хаана ажиллах вэ гэж толгойгоо гашилгадаг. Харин тэдний юу бодож байгаагаас үл хамаарч ажлаа хийдэг хүмүүс бол сургуулийн захирлууд.
С.Отгонбаяр сайд энэ намар их, дээд сургуулиудыг сургалтын төлбөрөө есөн хувиас хэтрүүлэхгүй нэмээсэй гэж хүссэн. Харин сургуулийн захирлуудын хувьд оюутнуудаас арай ахиухан мөнгө авахгүй бол өөрсдөө цалингүй болчих гээд байдаг арга ядсан хүмүүс. Тэдний бодлоор оюутнууд бол cap бүр авах 70 мянган төгрөгөө юунд зарцуулах учраа олж чадахгүй байгаа чинээлэг давхрагынхан.
Оюутнуудын хувьд С.Отгонбаяр сайд, сургуулийн захирлууд гээд аль нь ч ялгаагүй удахгүй өгөх мөнгөө сургалтын төлбөр хэлбэрээр буцаагаад авах гэж хичээж буй арчаагүй төрийн мяндагтнууд.
Боловсролын яамныхан жил бүр сургалтын төлбөрийг нэмэх асуудал дээр "лимит" тогтоож өгдөг боловч тэр нь хэрэгжиж байсан удаагүй. Гэвч олон хавар нэгэндээ гэгчээр тэд нэг л өдөр өөрчлөгдөж, урьд өмнө байгаагүй хатуу шаардлага тавьж чадах эрх мэдэлтнүүд. Харин тэдний өөдөөс сөрж ухаан сийлэх сэргэлэн "гарууд" бол сургуулийн захирлууд. Тэд оюутнуудаас өглөө хоцроход нь хурааж авдаг 5000 төгрөгөө 20 мянга болгоод нэмчих сүйхээтэй.
Харин оюутнууд ийм төлбөрт орохоос сийхгүй унтаа, мунхаг хүмүүс. Энэ намраас ажил, төрөл нь хэзээд бүтэмжтэй байдаг сургуулийн захирлууд Монголоор дүүрэн болох нь ээ. Гэхдээ ийм зүйл болохгүй биз. Оюутнууд аа, тайвширцгаа. Та нар өглөө санаа амар унтаж болно. Цаадуул чинь угаасаа яам, тамгынхны үгэнд орохгүй.
Сургалтын төлбөрөө энэ жил 20-30 хувиар нэмэхээрээ нэмнэ. Сургалтын чанарын тухай яриаг4 мартахаараа мартана. Тэд оюутнуудыг хар ажил хийх хүсэлгүй, хагас дутуу бичиг үсэгт тайлагдсан хүмүүс болгодгоороо болгоно. Хэний ч буруу гэх вэ. Бид дэлхий гэдэг нэг гараг дээр өөр, өөрсдийн хувь төөргөөр амьдарч байгаа хүмүүс шүү дээ.
Эх сурвалж: Улс төрийн тойм
Сэтгэгдэл ( 0 )