Ё.Отгонбаяр: Хилийн цэрэг, Цагдаа, Тагнуулын академийг нэгтгэх шийдвэр гарсан

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 04

Удахгүй шинэ хичээлийн жил эхлэх гэж буйтай холбогдуулан зарим их, дээд сургуулийг нэгтгэсэн талаар БСШУ-ы сайд Ё.Отгонбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Хүчний чиглэлийн хэд хэдэн их дээд сургуулийг нэгтгэх шийдвэр гарсан гэсэн. Үнэн үү?

-Нэгдэх шийдвэр гарсан.

-Ямар ямар сургуулийг нэгтгэсэн юм бол?

-Хилийн цэрэг, Цагдаагийн академи, Тагнуулын академийг нэгтгэж Дотоодын цэргийн их сургуулийг шинээр байгуулах шийдвэрийг наадмын өмнө гаргасан.

-Энэ хичээлийн жилээс эдгээр сургуулийн оюутнууд өөр бүтцээр хичээллэнэ гэсэн үг үү?

-Тийм ээ. Ирэх сарын 1-нээс эхлэн эдгээр хүүхдүүд шинэ сургуульдаа хичээллэнэ.

-Дахиж төрийн өмчит сургуулиудыг нэгтгэх үү?

-Төрийн өмчит 42 сургуулийг нэгтгэж, 16 болгох шийдвэр энэ оны нэгдүгээр сард гарсан. Энэ үед манай яамны харьяаны биш ХЗДХЯ, БХЯ-ны харьяа сургуулиуд нэгдээгүй үлдсэн. Одоо ХЗДХЯ-ны харьяа Хилийн цэрэг, Цагдаагийн академи, Тагнуулын академи нэгдэж, Дотоодын цэргийн сургууль байгуулж байна. БХЯ-ны БХИС аль нэг сургуульдаа нэгдэлгүй, тусдаа үлдэнэ.

-Ингэхээр одоо хэчнээн сургуультай болсон гэсэн үг вэ?

-Засгийн газрын бүрэн эрхийг эхлүүлж байхад 154 их, дээд сургууль улсын хэмжээнд байсан. Өнгөрсөн долоо хоногт зургаан дээд сургуулийг хаасан. Одоо 102 их, дээд сургуультай болоод байна.

-МУИС энэ хичээлийн жилээс сургалтын төлбөрөө 30 хувиар нэмж байгаа гэсэн. Энэ шийдвэр дээр та юу хэлэх вэ?
-Статистикийн газраас явуулсан үнэ, ханшийн судалгаан дээр тулгуурлаж, их дээд сургуулиудыг ирэх хичээлийн жилд 9,4 хувь хүртэлх хэмжээгээр сургалтын төлбөрөө нэмэх шаардлагатай гэсэн шийдвэрийг БСШУЯ-наас гаргасан. Энэ шийдвэрийг аль ч их, дээд сургууль мөрдөх ёстой.

Эх сурвалж: Монголын мэдээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top