Н.Удвал: Бид Ц.Шинэбаярыг буруутгахгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 04

УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр МАХН-ын Дэд даргын албан тушаалаасаа татгалзаж, "Хамуг Монгол" эвслийнхээ уйл ажиллагааг эрчимжүүлэх болсноо хэвлэлийн бага хурал зарлан мэдэгдсэн. Харин энэ үед МАХН-ынхан таг чиг байгаа нь сонирхолтой. Тиймээс МАХН-ын Нарийн бичгийн дарга Н.Удвалаас байр суурийг нь сонирхсон юм.

-УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр "Хамуг Монгол" эвслийнхээ үйл ажиллагааг эрчимжүүлэх болсон тухайгаа олон нийтэд мэдээлсэн. Үүнд МАХН-ынхан ямар байр сууринаас хандаж байгаа вэ?
-УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр өнөөдрийн байдлаар МАХН-ын Дэд дарга хэвээрээ байгаа шүү дээ. Тэрбээр улс төрийн одоогийн гүнзгий хямралыг дан ганц намын бүтцээр шийдэж чадахгүй. Намаас гадна хөдөлгөөн, эвсэл байгуулж, олон өнцгөөс тэмцэж байж асуудлыг шийднэ гэдэг итгэл үнэмшилтэй хүн. Тиймээс Монгол Улсын иргэн хүнийхээ хувьд өөрийн үзэл бодлын дагуу "Хамуг Монгол" гэдэг эвсэл байгуулсан юм билээ. Энэ хүний сонголтыг бид дэмжиж байгаа. Би ч гэсэн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эвсэлтэй шүү дээ. Үүнтэй л ижилхэн зүйл шүү дээ. Тэгээд ч МАХН-ынхан Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг бүх иргэний хөдөлгөөн, эвслийг дэмжиж байгаа.

-Ц.Шинэбаяр гишүүн МАХН-ын Дэд даргын албан тушаалаас сайн дураараа татгалзчихсан гээд байсан шүү дээ?

-Ц.Шинэбаяр даргыг албан тушаалаас нь чөлөөлөөгүй. Харин Дэд даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ намын дарга болоод намын удирдлага, гүйцэтгэх товчоотой зөвлөлгүй гаргасан байгаа. Гэхдээ энэ шийдвэр бол нэг хүний шийдэх асуудал биш. Намын бага чуулганаар Дэд даргын албан тушаалаас нь чөлөөлөх ёстой байсан. Гэсэн ч бид намын бага чуулганаар Ц.Шинэбаяр даргыг Дэд даргын албан тушаалаас нь чөлөөлөөгүй байгаа учир хүсэлтээ өгсөн л болохоос Дэд даргынхаа ажлыг хийж байгаа гэж ойлгож болно.

-"Хамуг Монгол" нэртэй нам байгуулах нь гэсэн яриа гарч байсныг батлах шиг Ц.Шинэбаяр гишүүн эвслийнхээ үйл ажиллагааг эрчимжүүлж байгаагаа мэдэгдсэн. Үүнийгээ нам байгуулах бэлтгэл ажил гэж ойлгож болох мэтээр тайлбарлаж байсан. Харин таны ярианаас МАХН-ынхан Ц.Шинэбаяр гишүүнийг тавьж явуулахгүй байгаа гэсэн сэтгэгдэл төрж байна?
-Бид аливаа нам байгуулах асуудлыг дэмжиж байгаа. Бидний байсан хуучин нам шиг тухайн хүн сонголтоо хийчихээд байхад тэрийг нь доромжилж, гутаах үйл ажиллагаа хийхгүй. Хувь хүний итгэл үнэмшил, сонголтыг гүнээ хүндэтгэнэ. Хэрэв Ц.Шинэбаяр гишүүн нам байгуулбал бид буруутгахгүй. Тэр хүнийг нам байгуулаад МАХН-аас гарсан ч буруутгах ямар ч үндэслэл байхгүй. Тэр хүн МАХН хэмээх нэрийг авахад зохих үүрэг гүйцэтгэсэн. Бидний хувьд гавьяатай хүн шүү дээ. Тиймээс бид хүний хөдөлмөрийг үнэлж чадна. Гэхдээ тэр хүнийг багийн тоглолт гэдэг хүчин зүйлийг хүндэтгэдэг ухамсар, төлөвшилтэй улстөрч гэдэгт нь итгэж байна.

-МАХН-ын төв байр байрлаж байсан оффист "Хамуг Монгол" эвслийнхэн байрлаж байгаа. Энэ ямар учиртай юм бэ. Одоо МАХН-ынхан хаана байрлаж байгаа вэ?
-Байрны гэрээ дууссан байгаа. Дусаал гоождог, агааржуулалт байхгүй зэрэг дутагдлаас болоод гэрээгээ дахиж сунгаагүй юм. Удахгүй намын байртай болно. Одоохондоо шилжилтийн байдалтай л байна.

-Тэгэхээр МАХН-ынхан амралтын байдалтай байгаа гэсэн үг үү?

-МАХН-ынхан амралтын үеэр улс төрийн хурц үйл ажиллагаануудаа түр намжаалаа. Хүмүүс амрах хооронд бид ч гэсэн амрах хэрэгтэй шүү дээ. Гэхдээ бид зүгээр суугаагүй. Ард түмний санал асуулгаас гарсан үр дүнгээр мэдээллийн сан үүсгэсэн. МАХН-ынхан өнөө, маргаашгүй зуут, мянгат, бүлгээ байгуулах гэж байна. Энэ тухай маш олон санал ирсэн. Энэ бүхэн бэлэн болчихсон байгаа. Тун удахгүй намрын халуухан улс төр эхлэх гэж байна шүү дээ. Бид эгзэгтэй цаг үеийг л хүлээж байна.

Эх сурвалж: Улс төрийн тойм

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top