Оросууд манайхыг чангалсан хэвээрээ. Нефтийн бүтээгдэхүүний үнэ дахиад л нэмэв. Шатахуунаар хийгддэггүй ажил гэж ямар байх биш. Өчигдөр 10 цагийн үед “Петровис” компани АИ-92, АИ-80 бинзений үнийг литр тутамд 90 төгрөгөөр нэмчихлээ. Түүнийг дагаад “Магнай трейд”, “Шунхлай”, “Жаст” зэрэг бусад компаниуд ч нэгэн дуугаар дэмжин нэмж орхив. Аз болоход харин дизель түлш нь нэмэгдсэнгүй. Гэхдээ тун удахгүй бас үнэ нь тэнгэрт хадах байх. Учир нь гэвэл Засгийн газраас дизель түлшний онцгой албан татварыг сэргээн нэмж тогтоохоор болсон. Тиймээс түлшний үнэ нэмэгдэхээс аргагүй болоод байна. Өнөөдөр хэрэглэгчид АИ-92-ыг 1590, Аи-80-ыг 1340, дизель түлшийг 1750, Аи-95-ыг 1660 төгрөгөөр авч байгаа ажээ. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт урьд нь юу юу гээд сүрхий ам гараад байлаа даа. Шатахууны үнэ тогтворжино, Орос, Хятадаас боломжийн хэмжээгээр нийлүүлэх болсон гээд л байгаагүй билүү. Гэтэл худал байжээ. Сураг сонсвол Орост шатахууны хомсдол нүүрлэсэн юм гэнэ. Роснефть зэрэг томоохон компаниуд нь Европын стандартад нийцүүлэн технологоо шинэчлэх болжээ. Нефтийн үнэ ч ялимгүй өссөн гэнэ. Гэхдээ юу л бол. Тэд урьд нь иймэрхүү шалтаг тоочдог л байсан. Оросоос манайд нийлүүлэх шатахуун бол далай руу шүлс хаяхтай адил, тийм бага. Хоёр орны төрийн тэргүүн, Засгийн газрын сайд, дарга нарын хүрээнд шатахуун нийлүүлэлтийн талаар ярихаараа л нэг боллоо. Хамгийн сүүлд Тэргүүн шадар сайд хүртэл Орост очиж шатахууны гуйлга хийгээд ирсэн. Оросууд нүүр тулаад ярихаараа “Санаа зоволтгүй, бид танайхыг саадгүй хангана” гэдэг. Гэвч удалгүй иймэрхүү байдлаар биднийг чангалсаар байгаа. Дээр нь Засгийн газарт томорч, тунирхсан энэ хэдэн монополь компаниуд ашгаа ахиулахаар улайрч үнийг дахин хөөргөдөж орхино. Өчигдөр бол яах аргагүй нефть импортлогч дээрх компаниудын сайн дурын үнэ нэмэлт болов бололтой. Ер нь хэдий болтол ингэж Орос, Монголын олигархиудад дарлуулж суух юм бол оо. Орос ч яахав, Таван толгойн орд дээр Монголчуудтай нийлж консерцуим байгуулан ажиллах, Дорнодын ураны ордыг эзэгнэх, Асгатын мөнгөний ордыг авах гээд олон юман дээр шуналаа барьж дийлэхгүй зүтгэж байгаа. Монголын тал саяхан Таван толгойн тендерээс Япон, Солонгосчуудыг шахсан гэх хэл ам гаргаад байсан нь үнэн чанартаа Оросуудын тэрхүү том санаархлаас үүдэлтэй ажээ. Япон, Солонгосын компаниудын эрх ашгийн төлөө Засгийн газрууд нь манайд гомдлоо тавьж байгааг хэлэх үү. Гэтэл Оросууд “Та нар Солонгос, Японтой бидний хоолыг хуваах нь ээ” гэсэн шиг шатахуунаар боомилж унагах уламжлалт мэхээ хийх гэж байх шиг байна. Үүнийгээ харин үндэсний компаниудаар маань дамжуулаад хийчихлээ. Ийм нөхцөлд Засгийн газар дизель түлшний онцгой албан татварыг сэргээнэ гэж буй нь тэдний шантаажийг улам дэвэргэх шиг болж байна. Д.Зоригт сайд ч Оросуудын өмнө үнэхээр жулдаад байна даа. “Петровис” мэтийн үндэсний импортлогч компаниудынхаа шуналын галыг дарж бүр ч чадахгүй болов бололтой.
Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )