Гадаадад суралцагсдад түлхүү зээл олгоно

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 04

“Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөртөлж ирнэ”  хэмээн яруу найрагч Д.Нацагдорж шүлэглэсэн байдаг. Өмнөх нийгмийн үед л дарга нарын хүүхэд гадаад руу явж сурдаг гэх ойлголт өдгөө ард хоцорч мэдлэг чадвараараа үнэлэгдсэн аль ч аавын хүүхэд хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм өвөртөлж ирэх боломжтой болжээ. Гэхдээ сургалтын төлбөрийг хувиасаа төлчих боломжтой айлын хүүхдэд шүү дээ. Учир нь хэдийгээр мэдлэгээрээ шалгарлаа ч төлбөрийн асуудлаас болоод гадаадад боловсрол эзэмшиж чадахгүй олон хүүхэд байдаг. Ёстой л арын хаалгатай айлын хүүхэд Төрийн сангийн зардлаар төлбөрөө төлүүлж, боломжтой хэсэг нь эцэг эхээрээ төлбөрөө төлүүлэх нь бий. Зарим нь суралцахын хажуугаар ажил хийж төлбөрийн мөнгөө төлөх нь бий. Тэгвэл энэ жилээс гадаадад боловсрол эзэмшихэд түрийвчээ тэмтрэх шаардлагагүй болж, гадаадын их дээд сургуульд сурах хүүхдүүдэд зориулах сургалтын Төрийн сангийн хишиг арвижжээ. Хамгийн гол нь тэтгэлгээр суралцахыг хүсч байгаа хүүхэд нь тухайн сургуулиасаа суралцах эрхийн бичиг урилгыг өөрөө авсан байх ёстой гэнэ.

Мөн 100 хувийн тэтгэлэгтэйгээр дэлхийн топ 50 их дээд сургуульд оюутан суралцуулахаар Засгийн газар шийдсэн байна. Тодруулбал, хими, физик, математек, мэдээлэл зүйн чиглэлээр улсын болон олон улсын олимпиадад оролцож I-III байр эзэлсэн хүүхдүүд дээрх нэр бүхий дэлхийн топ 50 их дээд сургуульд суралцах урилга авч чадвал Засгийн газрын зүгээс 100 хувийн дэмжлэг үзүүлэх ажээ. Засгийн газрын дэмжлэгт сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлэг багтах юм байна.

Энэ дашрамд нэмж дуулгахад, Засгийн газрын гэрээ хэлэлцээрийн дагуу манай улс 16 оронтой сургалтын гэрээ байгуулжээ. Эдгээр улсад бакалавр, магистр болон докторын төвшинд оюутан суралцуулж байгаа бөгөөд 2011-2012 оны хичээлийн жилд 813 хүн сурах гэнэ. Засгийн газрын гэрээгээр хамгийн их оюутан суралцаж байгаа улс нь ОХУ /300 гаруй оюутан/ болон БНХАУ /315 оюутан/ байна. Үлдсэн 200-гаад оюутан нь Польш, Унгар, Чех болон Европын улсад суралцах гэж байгаа аж. Мөн тус гэрээний дагуу Энэтхэг улсад жилд 30 оюутан суралцуулж байгаа бол Турк улсад 95 оюутан сургах болжээ. 

Төрийн сангийн зээлд энэ онд 108 хүнийг хамруулахаар төлөвлөсөн байна. Одоогийн байдлаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас гаргасан шалгуурт 32 хүн тэнцэж зээл авах болзлоо хангасан байна. Энэ намар ахин шалгаруулалт зарлаж гадаадын их дээд сургуульд Сургалтын төрийн сангийн зээлээр суралцах хүмүүсийг сонгох гэнэ.

Гадаадын их дээд сургуульд суралцахаар төлбөрийн зээл авч байгаа дээрх оюутнуудыг мэргэжлийг ангилж үзвэл нийгмийн ухааны чиглэлийнх зонхилдог байна. Харин дотоодод эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр гадаадад суралцах оюутан төдийлөн байдаггүй гэнэ. Учир нь дэлхийн хэмжээний уул уурхайн чиглэлийн боловсон хүчин бэлтгэдэг их, дээд сургуулийн урилгыг монгол хүүхдүүд төдийлөн авч чаддаггүйтэй холбоотой ажээ. Төрийн сангийн зээлээр гадаадын их, дээд сургуульд суралцсан оюутнууд сургуулиа төгсөөд Монголд ирээд таван жил ажилласнаар зээлээ төлдөг байна.

Эх сурвалж: Ардын эрх

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top