Өнөөдөр балжинням, бурхан багшийн хүрд эргүүлсэн өдөр давхцаж байна. Тиймээс энэ өдөр Гэрлэх ёслолын ордонд гэрлэлтээ бүртгүүлэхээр 76 хос захиалга өгчээ. Нийслэлд ганцхан байдаг гэрлэх ёслолын ордон энэ өдөр тун ч завгүй байх бололтой. Жирийн өдрүүдэд өдөрт дунджаар 10-20 хосод үйлчилдэг хуримын ордонд балжинням, дашням давхацсан билэг дэмбэрэлтэй өдөр 60 гаруй хос хуримладаг байна. Хамгийн олондоо нэг өдөрт 104 хос хуримлаж байсан тохиолдол ч бий.
Дашрамд сонирхуулахад, өмнө нь шинээр гэр бүл болж буй хосууд архи, оргилуун дарсаар ёсолдог байсан уламжлалыг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 1-нээс халж, сүүгээр ёсолдог болоод байгаа. Энэ нь залуу хосуудын шинэ амьдралыг сүүн цагаан замаар эхлүүлж байгааг билэгджээ. Гэрлэх ёслолын ордныхон захиалгаа сар бүрийн 1-нээс авч эхэлдэг бөгөөд хосууд энд ёслохын тулд 600-700 мянган төгрөг төлж байна.
Эх сурвалж: Ардын эрх
Сэтгэгдэл ( 0 )