Б.Одончимэг: Олон ээж, аавыг дахиж бүү ингэж шархлуулаасай гэсэндээ л шүүхэд хандсан

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 04
 

Одоогоос гурван жилийн өмнө М.Номинжин гэх гурван сартай охинд гуурс тавихдаа уушгийг нь цоолсноос болж тархи нь үхжиж, эдүгээ хараа, сонсгол үгүй, байнга өвчинд шаналж, цаашид ч ямар ч эмчилгээ хийлгэх найдвар үгүй болжээ. Бяцхан охиныг ийн амьдаар нь тамласан эмч нар буруутай гэж ээж нь үзэж шүүхэд хандсан. Тэгвэл өнгөрсөн даваа гаригт Эх нялхсын эрдэм шинжилгээний төв /ЭНЭШТ/-ийн эмч Б.Одгэрэл, С.Очир нарт холбогдох шүүх хурал  Баянгол дүүргийн шүүхэд болж, “Эмч нарын” гэх тодотголтой хэргийг анхан шатны шүүхэд буцаасан. Учир нь шүүх эмнэлгийн гурван удаагийн дүгнэлт зөрүүтэй гарчээ. Шүүх хурал өмнө нь зургадугаар сарын 25-нд, долдугаар сарын 18-нд тус тус болох байсан ч хойшилсон. Харин М.Номинжин охины ээж эмч нар хуйвалдан өвчний түүхийг сольж, хэргээ булзааруулсан гэж үзэж байна. Ингээд түүнтэй ярилцлаа.

-ЭНЭШТ-ийн эмч нарт холбогдох хэргийг дахиад анхан шатны шүүхэд шилжүүллээ. Охин тань анх эмнэлэгт ямар оноштойгоор хэвтсэн юм бэ?


-Шүүх хурлаас иймэрхүү шйдвэр гарна гэж би анхнаасаа бодож байсан. Яагаад гэвэл миний охины уушгийг нь хатгаж үүнээс нь болж зүрх зогсч, тархи нь үхэжсэн гэж байсан  хүмүүс өнөөдөр миний нүүр лүү харж байгаад “Танай хүүхэд төрөлхийн ийм өвчтэй байсан” гээд сууж байхад би юу хэлэх вэ дээ. Охин маань 2009 оны нэгдүгээр сарын 23-нд төрсөн. Тэгээд ханиад хүрч хатгаа авсан гээд Сүхбаатар дүүргийн эмнэлэгт хэвтэж байсан юм. Эмнэлэгт танил талаараа дамжуулан сэхээний тасгийн төлбөртэй өрөөнд хэвтэж байсан юм. Тэгээд нөхрийн маань эгч нь ЭНЭШ-ийн нярайн хүүхдийн тасгийн их эмч учраас чанартай, сайн газар эмчлүүлэхээр бид ярилцаад ЭНЭШТ рүү шилжүүлсэн. Эх нялхаст хэвтээд гурав хоносны дараа эмч нар охин тань мариалаг болохоор судас нь олдохгүй байна гээд гуурс тавиулах санал тавьсан.  Гуурс тавиулбал хүүх­дийг маань олон хатгахгүй гуурсаар дамжуулж эмчилгээг нь хийдэг гэж байсан. Тэгээд хүүхдээ олон хатгаж зовоосноос гэж бодоод гуурс тавиулсан. Гэтэл Очир эмч гуурс тавихдаа баруун талын уушгийг нь хийтэй хатгасан. Хийтэй учраас уушиг нь хийгээр дүүрч, зүрхийг нь дарж хүүхдийн зүрх зогссон. Үүнээс болж тархи нь үхэжсэн байгаа юм.  Удалгүй эмнэлгээс гэртээ гарахад хүүхэд маань хараагүй болсон байсан. Өмнө нь хүн дуудахаар хараад, инээж байсан хүүхэд шүү дээ.  Тэгээд эргэж ирээд хүүхэд ийм болсон байна гэхэд эмч нар сандраад л шинжилгээ өгсөн юм. Гэтэл шинжилгээгээр төрөлхийн сааталтай гээд л оношлочихсон.  Анх өвчний түүх дээр нь хүүхдийн зүрх тэдэн цагт, тэдэн минут зогссон гэж бичсэн байсан. Гэтэл сүүлд нь энэ тэмдэглэгээг байхгүй болгосон байсан. Тэгээд нөхөр бид хоёрт “Хүүхэд чинь сэхэх найдваргүй. Гэрийхнээ дууд” гэж хүртэл хэлж байсан. Гэтэл өнөөдөр би тэгж хэлээгүй гээд сууж байна.  Тэд ч эх хүн би ч эх хүн шүү дээ. Шүүх эмнэлгийн анхны дүгнэлтээр миний охины стор /өвчний түүх/-ыг солиогүй гэсэн дүгнэлт гарсан. Уг нь сторыг нь солиод, рентгэний зургийг нь дарж дээр нь цаас наасан байсан. Энэ нь надад баримттайгаа байгаа. Би тухайн үед нь зурагжуулж авч байсан юм. Гэтэл энэ хэрэг гурван жилийн дараа ийм инээдтэй шийдвэр гаргаж байна.

-Шүүхийн шинжээчийн дүгнэлт нь юу гэж гарсан юм бэ?

-Шүүх эмнэлгийн дүгнэлт эмч нар буруутай гэж үзсэн. Шүүх эмнэлгийн дүг­нэлтийг тус эмнэлгийн эмч До.Золзаяа гаргасан. Хүүхдийн маань өвч­ний түүхэнд рентгэн зургийг нь дараад дээрээс нь цаас наасан байсан. Надад баримт нь байгаа. Бас шинээр хуудас наагаад эмчийн үзлэг хийсэн гээд яалт ч үгүй өвчний түүхийг сольсон байхад солиогүй, энэ эмч бичгийн хэлбэр нь зөв, үгээ зөв бичсэн гэх  сонин дүгнэлт гаргасан байсан. Би 2009 оны наймдугаар сард  хүүхдээ гадаад руу эмчилгээнд авч явахаар нэг анкет авсан юм. Гэтэл эмчлэгч эмч Солонгоор бичүүлэх гэсэн чинь англи хэл мэдэхгүй гээд Энхцолмон гэж эмчээр  бичүүлсэн. Үүнийг орчуулж бичиж байхад 2009 оны нэгдүгээр сарын 12-нд шилжих шөнө 03.00-04.50 цагийн хооронд ойролцоогоор бүх цагийг нь нэмвэл бараг нэг цаг 30 минут хүүхдийн зүрх зогссон байгаа юм. Маргааш нь 12.00-12.30 цагийн хооронд 30 минут зүрх зогссон гээд өөрөө надад орчуулж өгчихөөд одоо болохоор зүрх зогсоогүй гээд байгаа. Хүний зүрх таван минутаас дээш хугацаагаар зогсвол тархи нь үхждэг. Гэтэл өнөөдөр тэр стор нь ч байхгүй, эмч нар нь зүрх нь зогсоогүй, андуурсан гээд сууж байна.

- Хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан шалтгаан нь юу юм бол?


-Нийт 15 эмчийн бүрэлдэхүүнтэй гурван дүгнэлт гарсан. Гэхдээ гурвуулаа өөр. Эхний шийдвэр нь “ЭНЭШТ-ийн эмч эмчлэгдэж байсан Номинжин охинд баруун эгмийн доор венийн судсанд гуурс тавьсан. Энэ үед баруун уушиг нь хатгагдаж баруун уушигны гялтангийн хөндийд  хий хуралдаж баруун уушиг­ны бүрэн бус хавчилт үүссэн. Амьс­галын дутагшил нягтарширсан байдал гүнзгийрч 2009 оны тавдугаар сарын 12-ний өдөр зүрх судасны үйл ажиллагаа зогсох нэг цагийн хугацаанд сэхээн амьдруулах арга хэмжээ авсны дүнд амь насыг нь аварсан байна” гэсэн дүгнэлт гаргасан. Өчигдөр шүүх хурал дээр энэ эмч хэлэхдээ “Үүнийг үгүйсгэх аргагүй. Хүүхдийн зүрх зогссон байх магадлалтай. Өмнө нь Сүхбаатар дүүрэгт зүүн уушгиндаа хатгаа аваад эмчлүүлж байсан. Гэтэл баруун уушиг нь гэмтснээс үүссэн нөхцөл байдлыг харж байна. Гэхдээ би Одгэрэл эмчийг хатгасан гэж хэлж чадахгүй” гэсэн. Гэтэл дараа нь нэгдүгээр эмнэлгийн эмч Ганбат “Би нэгдүгээр эмнэлгийн сэхээний эмч, гэхдээ энэ дүгнэлтэд шинжээчийн хувиар оролцсон. Надад хүүх­дийн бие их хүнд гэж хэлсэн. Ба­раг энэ хүүхэд муу гэж хэлсэн боло­хоор уушиг нь өөрөө цоорсон байх магадлалтай” гэсэн. Яагаад дүгнэлттэй танилцаагүй байж гарын үсэг зурсныг шүүгч асуухад гарын үсэг зур гэхээр нь л зурсан гэж байсан. Эрүүл хүнд гуурс тавихдаа уушгийг нь хатгасан бол 2-3 хоногийн дараа илэрдэг гэсэн. Яагаад гэхээр эрүүл учраас гэсэн. Гэтэл хүүхдэд 48 цагийн дотор илэрсэн учраас хүүхдийн уушиг өөрөө цоорсон гээд байгаа юм. Энэ бүхний цаана би өөрөө гэрч шүү дээ. Хүүхэд маань угаасаа өвчтэй байсан юм бол өмнө нь яагаад анзаарагдаагүй юм бол. Эмч нар яагаад мэдээгүй юм бол. 

-Хамгийн сүүлийн дүгнэлт яаж гарсан юм?


-Хамгийн сүүлийн дүнэлтийг шүүх эмнэлгийн дарга Дагиймаа гэж хүн гаргасан. Энэ дүгнэлтэд “Баруун уушиг нь хатгагдаж баруун уушигний гялтан­гийн хөндийд  хий хуралдаж хүндрэл гарсан” гээд эхний дүгнэлттэй ижил гарсан. Мөрдөн байцаалтын үед дүгнэлт гаргачихаад шүүгчийн өмнө болохоор өөр юм яриад сууж байгаа юм. Би сайн мэдэхгүй байна. Шүүгч ч гэсэн үүнийг нь хүлээн зөвшөөрөөд л сууж байсан. Эмч нар ч, шүүгч нар ч шударга бус бай­сан. Харин Ундармаа эмч л хамгийн шудар­га байсан. Тэрээр баруун уушгийг нь хатгаад, хий дүүрснээс хүүхдийн зүрх зогсч, тархи үхжсэн байх мадаглалтай гэс­нийх нь төлөө эмч нар мангараа энэ тэр гэж хэлж байгаа юм даа. Ундармаа эмчээс мэдүүлэг авчихаад явуулсан юм. Өчигдөр  /уржигдар/ шүүгч бүр илт эмч нарын талд байсан. Шүүх хурал эхэлэн­гүүд надаас болсон бүх зүйлийг яриулсан. Тэгээд санал хэлэхээр бол сүүлд нь хэлнэ гэж байсан.  Гэтэл гэнэт шүүх хурал завсарласан. Яагаад надаас мэдүүлэг авахгүй байгаа юм гэхээр “Түрүүн бүгдийг ярьсан одоо болсон” гэсэн. Манай өмгөөлөгч хүртэл хэлсэн тоогоогүй. Шүүгч нь угаасаа эмч нарын талд орсон нь бүх зүйл дээр тодорхой байсан. Гурван дүгнэлт нь зөрөөтэй, дээрээс нь бүх гэрчүүд эмчийн талд орсон.  Очир эмч гэхэд зүрх зогссон гэдгийг надад хэлж байсан хэрнээ одоо болохоор зүрх нь зогсоогүй гээд байгаа. Тэр шөнө нөхөр бид хоёрт “Хүүхдийн чинь зүрх зогссон. Арга хэмжээ авч байгаа боловч, найдваргүй. Уулзах хү­мүү­сээ дуудаж уулзуул” гэж байсан. Гэ­тэл өнөөдөр үүнийгээ үгүйсгээд сууж байна.  Хүүхдээ төрүүлсэн миний буруу болгоод өнгөрч байх шиг байна. Миний охин анх тархины даралттай байсан. Хатгаа аваад эмнэлэгт хэвтсэн хүүхдийг ийм байдалд хүргэчихээд одоо чиний л буруу гээд сууж байна. Тангараг хүлээсэн эмч нар ийм байна гэдэг үнэхээр харамсалтай. Би эмч нараас юу ч хүсэхгүй. Ганцхан дахин миний охин шиг хүүхдийг ийм байдалд оруулж, олон эцэг эхийг битгий зовоогоосой л гэмээр байна.

-С.Энхтуяа эмч танай хамаатан гэ­сэн. Охины чинь талаар юу хэлж байх юм?

-ЭНЭШТ-ийн нярайн сэхээний тас­гийн их эмч С.Энхтуяа манай нөхрийн аавынх нь бэр эгч. Тэгээд дүүргийн эмнэ­лэгт хэвтэж байхдаа ЭНЭШТ-ийн то­ног төхөрөөмж, эмч нар нь чадвартай болохоор эх нялхаст хэвтэхээр болсон. Анх биднийг “Манайд эмчлүүл хүрээд ир” гээд бид ирсэн юм. Одоо бол намайг танихгүй гэж байгаа. Би хүүхдийн тасагт охинтойгоо хэвтэж байсан. Эмнэлгээс гарсны дараа охин маань үе үе татаад байсан юм. Тэгээд би өөр эмчид үзүүлсэн чинь тархи нь үхжсэн байна гэж оношилсон. Эх нялхас дээр очиход анхнаасаа ийм байсан гэсэн. Яагаад анх ийм байсан юм бол надад хэлээгүй юм бол тэр их сонин. Гуурс тавьсан эмч нь сэхээний тасгийнх. Гэтэл дараа нь гуурс тавьсан эмчээ “Энэ хүн гуурс тавих чадваргүй” гэсэн. Эх нялхсын сэхээний эмч нь гуурс тавих чадваргүй байна гэдэг сонин. Сэхээний тасагт хүүхдүүд гэ­нэт яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй. Гуурс хийх шаардлагатай болбол би хийж чадахгүй гээд сууж байх нь байна. Тэгээд танай хүүхэд анхнаасаа ийм байсан гээд шүүхийн өмнө хэлээд сууж байгаа. Миний нүүрийг эгцэлж харж чадахгүй байгаа. Хүүхдийг маань ийм болгосон юм чинь аргагүй биз дээ. Нэг талаар тэр хүн ирээдүйгээ бодсон байх. Насаараа эмнэлэгтээ ажиллана шүү дээ. Харин надтай бол таараад л өнгөрдөг учраас эмч нарынхаа талд орсон байх.  Хүний амь хариуцаж ажилладаг хүмүүс өнөөдөр ийм л байдалтай байна. Магадгүй тэд олон аав ээжид туслаж, хүүхдийг нь аварч чадсан байх л даа. Гэхдээ яагаад өнөөдөр тэнд болсон бүх зүйлийг огт болоогүй мэт яриад байгаад л гайхаж бас харамсч байна.

-Таныг нөхрөөсөө салсан гэж бай­сан. Уг нь нөхрийнхөө хамаатныг тү­ших гэж л ЭНЭШ-д очсон юм байна шүү дээ. Тэгээд одоо нөхөр чинь бо­лоод хамаатнууд нь юу гэж хэлж байх юм?

-Охин маань гурван сартай, бие нь ингэж хүндэрч муудаагүй  байхад манай нөхөр салсан. Гэтэл дараа нь би хүүхэд ийм болчлоо гэсэн чинь аль хэдийнэ мэдчихсэн. Харин тийм гэсэн гээд сууж байсан. Надаас өмнө мэдчихээд л салахаар шийдсэн юм шиг байна лээ. Салснаас хойш нэг ч уулзаагүй, холбоогүй байж байгаад сая шүүх хурал эхлэхийн өмнө манай өмгөөлөгч дээр ирж “Би одоо юу хэлэх вэ, яах вэ” гэсэн байгаа юм. Өмгөөлөгч тавдугаар сарын 12-ны шөнө болсон бүхнийг үнэнээр л хэл гэсэн.  Гэтэл нөхөр маань шүүх хурал дээр Очир эмч тэр шөнө зүрх нь зогссон гэж хэлээгүй гэсэн. Ямар аймар байсан гээч? Төрсөн эцэг нь хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээх чадваргүй болгосон байгаа биз. Өөр хүн тэгж хэлэхэд би гомдохгүй. Охины минь төрсөн эцэг шүү дээ. С.Энхтуяа эгчийнхээ талд л зогсч байгаа юм. Би хамгийн ихээр охины аавд л гомдож байна.

-Таны нөхөр одоо мөнгө төгрөгөөр тус­лах, охинтойгоо ирж уулздаг уу?


-Үгүй. Ажил хийдэггүй, төлбөрийн чадвар байхгүй гээд байгаа. Сая шүүхийн байгууллага судлаад хаана ямар ажил хийдгийг нь тогтоосон байна лээ. Үндсэний статистикийн газар эдийн засагч хийдэг хүн хүүхдийнхээ эмчилгээнд мөнгө өгч чадахгүй гээд л сууж байна.  Анхнаасаа миний охиныг эгч нь ямар байдалтай болгосныг мэдчихээд л шалтаг хайж байгаад л салсан. Гэхдээ төрсөн хүүхдийнхээ төлөө нэг удаа үнэн ярьж яагаад болоогүйг л би асуумаар байгаа юм. Шүүх хурал дээр би тэсэлгүй “Яагаад чи ингэж байгаа юм” гэсэн чинь “Охиныхоо зүрхийг зогссон гэж манай эхнэр намайг хэлээрэй гэсэн юм” гэсэн. Бид нэг ч удаа уулзаагүй, яриагүй байхад тэр хүн тэгж хэлсэн. Одоо би эцэгт нь гомдол гаргуулж мөнгө нэхэмжилнэ. Гэхдээ би охиноо хэнээс дутахааргүй, эрүүл хүүхэд шиг авч явах болно.

-Охиноо гадаадад эмчлүүлэе гэж хөө­цөл­дөв үү?

-Эх нялхсын эмч нар анхнаасаа ийм байсан гэж хэлэхээр нь өөр эмнэлэгт хандсан. Охиныхоо тархины зургийг аваад гадаадын олон эмнэлэгт явуулсан бүгд л найдварүй гэсэн. Ха­рин Тайландын эмнэлэг хүрээд ир гэсэн санал тавьсан. Бээжингээр дам­жин Тайланд явахаар болж охиноо аваад явсан. Онгоцонд хүнд өвчтэй хүү­хэд суулгадаггүй юм билээ. Эндээс онгоцонд ямар нэг хүндрэл гарвал би өөрөө хариуцна гэсэн бичиг хийж гарсан. Харин Тайланд руу нисэх гэтэл ийм хүнд хүүхэд онгоцонд зорчуулахгүй гээд суулгаагүй. Тэгээд Бээжингийн хүүхдийн нэгдсэн төв эмнэлэгт үзүүлсэн. Эмч нар зургийг нь хараад, үзлэг хийгээд толгой сэгсэрч байсан. Яагаад хүүхдийг ийм байдалтай болгож байгаа юм гээд толгой сэгсрээд байсан. Охиныг маань эмчилгээгүй ийм хүнд хүүхдийг ингээд аваад явж болохгүй гэж байсан. Эмчийн мэдлэгээс болж хүүхдийг ийм болгож байх гэж дээ гээд гайхсан.

-Дээрхи эмч нар бүгд одоо ажлаа хийж байгаа юу?


-Хийж байгаа. Очир эмч нь тушаал буурсан. Бусад нь бүгд ажлаа хийж байгаа. Эмч нарынхаа алдааг нуугаад, дараад өнгөрдөг газар байна лээ. Намайг мэдрэлийн тасагт хэвтэж байхад миний охин шиг болсон 10 гаруй хүүхэд байсан. Бүгд эмчийн буруугаас болсон. Тэд тухайн эмнэлгийнхээ шатанд л гомдол гаргаж байсан байгаа юм. Мөнгөтэй нь гайгүй эм тариа хийлгээд л ядарсан нэг нь хүүхдээ татаж, өвдөж зовж байхыг нь хараад сууж байх жишээтэй. Тийм байхад эмчээ хамгаалаад зогсч байдаг дарга нарт харамсч байна. Харин намайг эмч нар “Шоудаад явхаа боль, угаасаа эмч, цагдаагийн хэргийг давдаг хүн гэж байдаггүй юм”  гэж хүртэл хэлж байсан. Эмч хүн шүү дээ. Угаасаа давдаггүй юм байна. Эмч нар бүгдийг өөрсдийн талд болгож чадсан байна.  Би охиныг минь ийм болгосон эмч нарт “Та нар сайн найруулж, өөрчилсөн байна, сайн ажилласан байна” л гэсэн. Өөр хэлэх үг үнэндээ олдоогүй.

-Охины тань бие одоо ямар бай­на?

-Охин одоо унтуулдаг эм ууж унтаж байгаа. Гурван жилийн турш унтуулдаг эм ууж байгаа. Тэгээд таталтын эм, эмчийн зааврын дагуу витаминууд хэрэглэж байгаа. 14 хоногт бүтэн биений массаж хийлгэдэг. Би охиноо өвчтэй гэж хэзээ ч боддоггүй. Эрүүл саруул хүүхэд шиг л харьцдаг. Өвчтэй гээд би охиноо хүнээс дутахааргүй авч явна гэж боддог. Эмнэлгийн зүгээс эмчилгээ хийнэ гэж байсан. 10 сартай хүүхэд чинь бараг л хөлд ороод, шулганаж байх ёстой биз дээ. Гэтэл тархи нь үхжсэнээс болоод чих нь сонсохгүй, нүд нь харахгүй болсон. Охин минь таталт өгч үнэхээр шаналж байгаа учраас Жаргалсайхан эмчтэй зөвлөөд Хятадаас авч ирсэн хүчтэй эмийг өгч байгаа. Уг нь тэр эмийг дөрөв хуваасны нэгийг өдөрт нэг удаа өгөх ёстой юм билээ. Гэтэл бүтнийг өгч байгаа. Тэгэхээр л арай дээр байна. ЭНЭШТ-ынхэн 10 хоног  үнэгүй эмчилгээ хийнэ гээд эхлээд гэрээр очиж эмчилгээ хийж байгаад дараа нь өөрсдөө ирж хийлгэ гээд л алга болсон. Би хүүхдээ аваад өдөр бүр эмнэлэг явах хүндрэлтэй байсан учраас больсон. Тэгээд дахин ЭНЭШТ-эд итгэх итгэл алга байна шүү дээ. Охиноо асарна гэдэг их хэцүү. Гэхдээ хэцүү байлаа гээд би шантрахгүй. Охиноо сайхан авч явна. Эмч нар төрөлхийн гажигтай төрсөн эсвэл ээж нь төрөхдөө ийм болгосон гээд л байгаа.

-Уучлаарай. Та хэвийн төрсөн биз дээ?

-Би бүтэн 15 цаг өвдөж байж жам ёсоороо хэвийн төрсөн, миний охинд ямар нэгэн гажиг байгаагүй. Охинд минь гуурс тавьсан эмч нарын алдаанаас болж ийм болсон. Хятадын эмч нарт ч энэ тухайгаа хэлсэн. Үнэхээр гайхаж толгой сэгсэрч байсан. Мөнгө төгрөгийг нь төлнө охиныг минь эмчлээд өгөөч гэхэд “Одоо ямар ч эмчилгээ байхгүй” гээд нэг тариа санал болгосон.  Охин минь маш их таталт өгдөг болсон. Өдөрт дөрвөөс таван удаа нэг татахдаа 10-20 удаа эвхэрч татдаг. Хятад эмч нар таталтад нь “Тариа хийлгэх үү, хэрвээ хийлгэхээр бол хүүхдийг эмнэлэгт хэвтүүлнэ” гэсэн. Тэнд хүүхдийг ээжтэй нь хамт хэвтүүлдэггүй юм билээ. Ган­цааранг нь цаашаа аваад орчихдог. Тийм болохоор бас яах ч юм билээ гэж айгаад больсон. Тэгсэн чинь эмч нар нь эм хэлбэрээр байгаа гэсэн. Тэгээд эмийг нь худалдаж аваад наашаа ирсэн. Энд ирээд ЭНЭШТ-д буцаад л хэвтсэн. Мэдрэлийн эмч нар нь авч болох бүх аргаа хэрэглэж байсан ч таталтыг нь зогсоож чадаагүй. Хүүхдийн Мэдрэлийн зөвлөх эмч Отгонбаяр, Өлзийбаяр нар охиныг минь үзээд “Зүгээр болохгүй, найдваргүй ээ. Таталтыг нь багасгах л эмчилгээ хийх хэрэгтэй” гэсэн. Хамгийн хүчтэй эмийг өгч байсан ч таталт тавигддаггүй, охин минь маш их өвдөж шаналж байгаа. 

-Хэргийг анхан шатны шүүх  рүү буцаалаа. Одоо тэгээд та яах вэ?

-Бүх хэргийн материалыг хэн дур­тай нь өөрийн дураар зассан байгаа. Гэр­чүүд, шүүхч  ч бүгд эмчийн талд бай­гаа ийм нөхцөлд анхан шат шүүр рүү буцаагаад ч нэмэргүй. Анхан шат­ны шүүх гурван жилийн дараа ийм инээд­тэй шийдвэр гаргаж байхад би юу хэлэ­хэв. Монголын шүүх ямар гэдгээ л ха­рууллаа шүү дээ.  Шудрага үнэний талд зогсч чаддаггүйгээ л харууллаа. Сал­барын сайд нь хүртэл “Би мэдэхгүй” гэж хариулж байсан. Одоо би ингээд л орхи­но. Би ингэж явлаа гээд миний охин эрүүл болохгүй шүү дээ. Өөр олон ээж аавыг битгий ингэж хохироогоосой гэж бо­дож шүүхэд хандсан. Эмч нар ийм алдаа хийж байгааг л хүмүүс мэдээсэй гэж хүсэн юм. Гурван жилийн өмнө эмч нар их сайхан хүмүүс байсан. Одоо цаанаа л нэг хүйтэн, царай алдсан болсон байна лээ. Буруу зүйл хийсэн учраас цаанаас нь тэгж байгаа гэж бодсон. Одоо надад тэдэнтэй тэмцэх шаардлага байхгүй болсон юм байна гэж л харсан.

-Нөхрөөсөө мөнгө нэхэмжлэн ава­хаар өргөдөл гаргасан гэсэн?

-Би гурван жилийн хугацаанд охи­ны­хоо эмчилгээний бүх зардлыг өөрөө гаргасан. Сайн эцэх эх, ах дуусийн буянд болж л байна. Гэхдээ одоо би нөх­рөөсөө төлбөр авна. Тэр хүн төрсөн хүү­хэддээ ингэж хандаж байхад би яах ёс­той юм бэ. Саяны шүүх хурал дээр ми­ний нэхэмжлэх гаргасан талаар нэг ч үг дурсаагүй өнгөрсөн. Тэр ч гэсэн ха­риуцлага хүлээх ёстой. Ямар ч гэсэн нэ­хэмжлэх гаргуулж авна. Гэхдээ тэр мөн­гийг би хүүхдэдээ зориулахгүй. Хурааж бай­гаад асрамжийн газарт өгнө гэж бо­дож байгаа. Надад ч охинд маань ч тийм хар­гис  хүний 10 төгрөг ч хэрэггүй. Төр­сөн үрдээ ингэж хандаж байгаа хүн бус­дад яаж хандах бол, мэдэхгүй юм.

Нялх охиноо тэврэн үнэн мөнийг олно, ядахдаа буруутай эмч нар нь гэмшээсэй гэж шүүхэд хандсан залуу ээж ийнхүү ярьж байна. Гуравхан сартайгаасаа өвчинд шаналан байгаа эдүгээ гурван нас хүрсэн Номинжин охиноо тэврээд шүүх хуралд ирсэн байна лээ. Гэвч цөхөрч гүйцсэн бүсгүй одоо шүүхэд ч итгэх итгэлгүй болжээ.

Эх сурвалж: Ардын эрх

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top