Монгол улс өвөлжихөд бэлэн үү

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 04

Зуны сар шувтрах тийшээгээ хандаж намрын цаг хаяанд ирлээ. Өвлийн улирал хаяанд ирсэн энэ цаг мөчид нэгэн асуулт гарч ирдэг нь Монгол улс өвөлжихэд бэлэн үү? гэсэн асуудал. Ирэх өвөлд манай улс хэрхэн бэлтгэж байгаа талаар уншигч танд цогц мэдээлэл хүргэе.

Эрчим хүчний үйлдвэрүүдийн их засварт 32 сая төгрөг зарцуулжээ

Эрчим хүчний үйлдвэр, компаниуд 2011-2012 оны их засварт нийт 32 сая 646 мянган төгрөг зарцуулахаар төлөвлөсөн аж. Харин ирэх өвлөөс өмнө 24 үндсэн тоноглол болон 697 туслах тоноглолд их засварын ажил хийхээр төлөвлөгөөнд тусгасан байна. Энэ сарын 1-ний байдлаар үндсэн тоноглолын их засварын ажил 62,5 хувьтай байгаа бол туслах тоноглолын их засварын ажил 47,5 хувьтай байгаа ажээ. Ирэх өвлийн бэлтгэл ажилд шаардлагатай хөрөнгө оруулалтад нийт 110 гаруй сая төгрөгийг зарцуулахаар болж энэ ажил одоогийн байдлаар 33,9 хувьтай байна. Харин техникийн шинэчлэлтийн ажилд 3,5 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд энэхүү ажил өнөөдрийн байдлаар 25,9 хувьтай үргэлжилж байна.

Мөн дулааны цахилгаан станцууд, дулааны шугам сүлжээний тоноглолын их засвар, шинэчлэлийн ажлын явц дунджаар 52 хувьтайгаар үргэлжилж байгаа бол цахилгаан дамжуулах, түгээх сүлжээнүүдийн их засварын ажил 50,3 хувьтай байгаа ажээ. Улаанбаатар болон Дархан хотын дулааны шугам сүлжээний их засварын ажил тавдугаар сарын 15-наас эхэлсэн юм. Энэхүү засварын ажлын хүрээнд төв болон салбар шугамуудад нягтын шахалт хийх, сольж шинэчлэх, тохируулга хийх зэрэг ажлуудыг хийхээр болж 60 гаруй хувьтай үргэлжилж байна. Харин орон нутгийн дулааны шугам сүлжээний их засварын ажил одоогийн байдлаар 60 орчим хувийн биелэлттэй байна.
Дулааны цахилгаан станцуудын нүүрсний нөөц 60 гаруй хувьтай байна


ДЦС-уудын нүүрсний нөөцийг 2011 оны 11 дүгээр сарын 10 гэхэд 20 хоногийн нөөцтэй болсон байхаар төлөвлөж байгаа бөгөөд улсын хэмжээнд энэхүү ажил 60 гаруй хувьтай үргэлжилж байгаа юм. Нүүрс нөөцлөх ажил орон нутагт 58 хувьтай, Улаанбаатар болон Дарханд 59,3 хувийн гүйцэтгэлтэй байна.

Өнгөрсөн өвөл хүндрэлтэй байсан аймгууд ирэх жил санаа зоволтгүй

Өнгөрсөн өвлийн их ачааллын үед хүндэрсэн Увс аймгийн хувьд Улаангом хотын дулаан хангамжийн хэвийн ажиллагааг хангах, станцын ажиллагааг дүрэмд заасан төвшинд хүргэх ажлийг одоогийн байдлаар хийгээд байна. Мөн Эрдэс баялаг эрчим хүчний яам Увс дулааны станцтай нэг жлийн хугацаатай хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллаж байгаа ажээ. Энэ онд дулааны станцад зайлшгүй хийх ёстой шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэж дуусчээ. Мөн Увс, Хөвсгөл, Сүхбаатар аймагт баригдаж буй дулааны станц болон Даланзадгадын ДЦС-ын өргөтгөлийн барилга угстралтын ажлыг түргэвчилж өвлийн ачааллын өмнө бэлэн байдалд оруулсан байх төлөвлөгөөг гарган ажиллаж байна. Аймаг, орон нутгийн засаг дарга нарт орон сууц болон, аж ахуйн нэгжийн дулаан хангамжийн тоног төхөөрөмж болон ДЦС-ын үйл ажиллагааны хэрэгжилт, орон байрны засварт онцгой анхаарал хандуулан ажиллахыг үүрэг болгожээ.

Тайширын усан цахилгаан станцыг ашиглалтад оруулжээ

Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт баригдсан усан цахилгаан станц усан сан дүүрэхгүй байсан гэсэн шалтгаанаар ажиллаж чадахгүй байсан ч өнгөрсөн долоо хоногт хэвийн хэмжээнд ажиллахаар болж ашиглалтад орууллаа. Тус цахилгаан станцын усан сангийн хэмжээ хэвийн горимд ашиглах хэмжээний буюу 1752 метрт хүрсэн аж. Анх 1997 онд Кувейт улсын хөрөнгө оруулалт болох 300 мянган динарын тусламж үзүүлснээр барилгын ажлыг эхлүүлж байжээ. Харин 2008 оны наймдугаар сарын 8-ны өдөр хэвийн хэмжээнд ажиллаж, цахилгаанаа хэрэглэгчдэд анх удаагаа хүргэж байсан аж.

Манай улс ирэх өвөлдөө ийм байдлаар бэлтгэж байна. “Бид өнгөрсөн жил хүндэрсэн аймгуудад ирэх өвөл ийм байдал гаргуулахгүйг хичээж дээрх аймгуудад яамнаас удаа дараа шалгалт очиж шалгаж байгаа. Харин Улаанбаатар болон Дархан, Сэлэнгэ гэх мэт томоохон хотуудад дулааныг хэвийн нөхцөлд байлгах талаар ажлуудыг төлөвлөгөөний дагуу хийж байна. Тиймээс асуудал үүсэх нь харьцангуй гайгүй байх болов уу гэж найдаж байна” гэж Эрдэс баялаг эрчим хүчний яамны бодлогын газрын дарга Т.Цэрэнпүрэв хэлж байна. Мөн эрчим хүчний салбарыг хөгжүүлэх зорилгоор 2014 он хүртэл системтэйгээр цахилгааны үнийг нэмж байгаа ажээ. Тиймээс ирэх өвөл цахилгааны үнэ нэмэгдэх юм байна. Хариуцсан яамныхан өчигдөр ийм мэдээллийг өгөв. Харин ирэх өвөл хэрхэн ажиллах вэ гэдгийг бид харах л үлдлээ.

Эх сурвалж: Зууны мэдээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top