Бусдын газар амь зууж яваа хүнийг юуны учир цагаач гэж нэрлэх болсныг мэдэхгүй. Гэхдээ хүний газар цагаан, цайлган сэтгэлтэй байж, хэл, хөлөө олох ухааныг дагадаг байснаасаа болж ингэж нэрлэгдсэн байхыг үгүйсгэх аргагүй. Цагаан гэдэг өнгө язгуураасаа муу утга илэрхийлж байсан түүхгүй.
Гэтэл сүүлийн үед эх орондоо бууриа сахиж үлдсэн хоёр сая гаруйхан монголчууд харьд яваа нэгнээ муу хэлэх нь хэрээс хэтэрчээ. Үүнийг яг одоо бидний туулан өнгөрүүлж буй "цөвүүн цагийн гаж үзэгдэл" гэж хүлээж авах нь зохистой юм.
Цагаач монголчууд хаа байгаа газраа зодоон цохион үүсгэж эх орныхоо нэр хүндийг унагадаг гэсэн үзлийг гээх цаг болжээ. Алийн болгон үндэстнээ муулах вэ. Нутгийн оршин суугч буурайн амь насыг аврахаар тэмцэж байгаад харамсалтайгаар амиа алдсан зоригт эгч дүүсийн явдал бидэнд нэгийг санууллаа.
Монголчууд ер нь хаана ч, яаж ч ядарч явсан хүний төлөө гэсэн сэтгэлээ алддаггүй нандин чанартай хүмүүс юм байна. Монголчууд хаана ч явсан аварна, тусална. Бүр өөрийнхөө амийг эрсдэлд оруулаад ч хамаагүй бусдын төлөө зүтгэнэ. Хамт ажилладаг нөхрөө тэнгэр баганадсан барилгаас доош унахад самбаачлан барьж авч, хавиргаа арматурын төмөрт цоо хатгуулсан ч атгасан гараа тавиагүй зоригт эр монгол байлаа.
Гал усны гашуун зовлонгоос дөрвөн ч хүнийг гэтэлгэж, ус уух хувь заяаг бэлэглэсэн шижигнэсэн залуус бас л монгол байв. Зогсолтгүй цутган орох борооноос үл халширч, хөршийн эмээгээ аврахаар ханцуй шамласан, эцэст нь сайхан сэтгэлээсээ болж амиа харамсалтайгаар алдсан эгч дүүс бас л монгол байсан юм.
Харь орны иргэн болсон ч гэсэн энэ сайхан сэтгэл монгол хүнээс гарсан гэдэг л гол нь билээ. Харгис нөхөртөө зодуулж байсан танилаа хамгаалах гээд бусдын гарт үрэгдсэн монгол бүсгүй Д.Ганцэцэг мөн л хүнлэг сэтгэлээ бусдад мэдрүүлсээр одсон бус уу. Иймэрхүү жишээ тоочоод байвал олон. Зөвхөн Солонгост гэлтгүй барууны ертөнц ч монголчуудын хүнлэг сэтгэл, эр зоригийг нэг бус удаа бахдаж байсан юм.
Герман улсад цагаанаар сууж байсан монгол залуус дээрэмчнийг барьжээ. Хөөрхий ядарсан эмгэнийг нэгэн балмад этгээд гэгээн цагаан өдрөөр дээрэмдээд зугтаасан байна. Мөн л төрөлх совиндоо хөтлөгдсөн монгол залуус дээрэмчнийг хөөн барьж аваад цагдаад тушаажээ. Америкийн жирийн иргэд галт зэвсэг хараад ухаан алддаг. Гэтэл дэлгүүрээс хүнсээ цуглуулж явсан монгол залуус кассыг дээрэмдэж байсан галт зэвсэгтэй гэмт этгээдүүдтэй улаан гараараа тулж, тулаад зогсохгүй ялж, телевизийн дэлгэцээр "Чингисийн Монголын залуус" гэж цоллуулан алдаршиж байв.
Ядарсан нэгнийг өрөвдөх, туслах нандин чанар бүх монгол хүний дотор бий. Танд ч энэ нандин чанар байгаа. Ямар ч монгол хүн дээр дурьдагдсан залуусын оронд байсан бол өөрөөр хийхгүйсэн биз ээ. Эдийн засгийн доройтол, ядуурал монгол хүний сэтгэлийн галыг бөхөөгөөгүй, нандин чанарыг арилгаж чадаагүй байгаа шүү гэдгийг сануулж өгсөн элэг нэгтнүүдээрээ бахархъя. Тэднээсээ урам зориг авч ирээдүйгээ өөдрөгөөр харцгаая. Хийж бүтээе, сайхан амьдаръя. Бид тийм эрхтэй, тэнгэрлэг ард түмэн.
Эх сурвалж: Монголын мэдээ
Сэтгэгдэл ( 0 )