Н.Удвал хууч хөөрөх гээд хулгайгаа дэлгэжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 04


МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал салж одсон нарийн бичгийн дарга нарынхаа талаар таагүй үг хэлж суугаа ажээ. Тэрээр саяхан “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа ам нээвэл уушиг нээнэ гэгчээр С.Молор-Эрдэнэ нарын хүмүүс яагаад зүгээ буруулах болсныг цухасхан дурдаад авсан байна. Нарийн бичгийн даргаар сонгогдоод удаагүй байсан Молор-Эрдэнэ, Өрнөхбаяр нар нь өөрсдийн болчимгүй үйлдлүүдээс болоод МАХН-ыг орхин явсан гэнэ. Гэхдээ Н.Удвал тэдний тэрхүү болчимгүй үйлдлийн талаар тоочихыг хүсээгүй ч “Үзэл бодлоосоо урвасан” гэлээ. Харин С.Молор-Эрдэнэ нь “Хамаг Монгол” хэмээх хөдөлгөөний удирдагч болоод байгаа. Бусад нь ч бас түүний араас эгнэн жагсаад явж байна. МАХН-ын дэд даргаар сонгогдсон Ц.Шинэбаяр “Хамаг Монгол” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч болжээ. Тэд Н.Энхбаярын байгуулсан гэх МАХН-ын үзэл баримтлалаас урвасан гэсэн үг юм уу даа. Н.Удвалын яриад байгаагаар бол тийм л болж тааарч байна. Харин С.Молор-Эрдэнэ тэргүүтнүүд МАХН-д хуучин данстай байсан хүмүүс эргээд тус намд орж ирэхийг зөвшөөрөхгүй байсан гэж өөр эх сурвалжууд хэлээд байгаа юм. Тэд өөрсдөө ч энэ тухайгаа мэдэгдсэн. Тэгвэл Н.Удвал одоогийн УИХ-ын гишүүдийг “МАХН-ын гишүүд угаасаа мөн” гэлээ. УИХ-д МАХН-ын нэрээр л сонгогдож гарч ирсэн гэдгийг ийнхүү дахин сануулахдаа, “УИХ-д сууж байгаа МАН-ын гишүүд автоматаар манай намын гишүүн гэсэн үг. Манай жирийн гишүүд тэднийг намдаа эргэн ир гэдгийг хүчтэй шаардаж байгаа” гэсэн нь яах аргагүй хуучин намынх нь дүр төрхийг илэрхийлж буй хэрэг ажээ. Үүнээс харахад МАХН-ын дарга Н.Энхбаяр Ардын намыхан руугаа хялайж хараад “Та нар жинхэнэ олигархиуд” хэмээн ад үзэх нь утгагүй болж байна. Энэ бол хамгийн энгийн логикоор ямар ч тэнэг хүн ойлгох үнэн болов уу. Өөрөөр хэлбэл МАХН-ын нэрийг үхэн хатан хөөцөлдөн байж авсных нь цаад утга санаа ийнхүү ил болж байна. Н.Энхбаяр, Н.Удвал нар өнөөх л олигархижсан, авлигач намаа хэвээр нь авч үлдэж байгаа юм байна. Харин Н.Удвал үүнийгээ ил цагаан хэлж буй нь сайн хэрэг. Муу нуухаар сайн илчил гэдэг дээ. Тиймээс С.Молор-Эрдэнэ хэсэг нөхдөө дагуулан “Бид олигархиудтай нэг хөнжил дор тийчигнэхгүй ээ” гээд хаяж явсаных нь буруу бас үгүй бололтой. Гэхдээ эр хүний замын хүзүү урт гэгчээр улс төрийн замын хүзүү ч мөн урт хойно, хэзээ нэгэн цагт хэн нь хэн бэ гэдгийг олон түмэн аяндаа харна биз.

Б.Отгонбаяр.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top