Гаальд ажиллаж байсан, одоо байгаа дарга нарын гэр бүл, хамаатнууд энэ байгууллагыг авлига, хүнд суртлын жинхэнэ оромж болгон хувиргажээ. Юуны өмнө энэхүү сүлжээ анхаасаа хэн хэний гэр бүлээс бүрдэж байсныг өгүүлбэл сонин байх болов уу. Гаалийн ерөнхий газар болон түүний харъяа салбаруудад УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн хүү Нямцогт, Д.Дондогийн эхнэр Цэрэндум, Ч.Улааны охинУндрал, Н.Ганбямбын эхнэр Жаргалсайхан, УИХ-ын гишүүн асан Цэрэнжамцын эхнэр Нэргүй, Пүрэвдоржийн бэр Нарангэрэл, Норовсамбуугийн хамаатан Сарангэрэл, Чунагийн охин Алтантуяа, Бямбацэрэнгийн хүү Хосбаяр, сайд асан Жигжидийн хүү Булган, сайд асан Насанжаргалын бэр Алтанчимэг, сайд агсан Жадамбын хүү Энхбаяр /Одоо УИХ-ын гишүүн/, МАХН-ын УТТ-ны гишүүн асан Лантуугийн охин Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн асан Нямдаваагийн хүү Гэрэл, Замын-Үүдийн Гаалийн дарга асан Банзрагчийн охин Наранжаргал, Ч.Улааны хамаатан Жанцанхорлоо, УИХ-ын гишүүн Д.Дондогийн хамаатан Баатархүү, ГЕГ-ын дарга асан Х.Баатарын эгчийн хүү Ганбаатар, хамаатан Хайдавын Саранжав, хамаатан Ойзонгийн Мөнхбаатар, хамаатан Бөөхүүгийн Винтов, хамаатан Батын Доёддорж гэх мэтээр маш урт дараалал үүснэ. Өөрөөр хэлбэл Монголын Гааль бол бараг тэр чигээрээ дарга нарын гэр орон болсон гэлтэй. Энэ байдал уламжлагдан үлджээ. Авлигын жинхэнэ үүр уурхай болсон хэвээрээ байна. Саяхан Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн оны хөрөнгө орлогын мэдүүлгийн дагуу нарийвчилсан шалгалт явуулав. Шалгалтанд нийт 215 албан тушаалтан хамрагджээ. Уг шалгалтаар “Авлигын эсрэг хуулийг ноцтой зөрчсөн 55, хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаанд нь гаргаж өгөөгүй 20, худал мэдүүлсэн 60 хүнийг илрүүлэв. Хууль зөрчигчдөд хариуцлага тооцохыг тухайн албан байгууллагаас нь шаардсан байна. Тэдгээр хууль зөрчин хөрөнгө орлогоо хуурамчаар гаргаж өгсөн хүний тоогоор Гаалийнхан тэргүүлсэн байх юм. Эндээс нийтдээ долоон хүн хууль зөрчжээ. Удаах байранд нь “Дархан дулааны цахилгаан станц” төрийн өмчит үйлдвэр орсон бол дараа нь Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрынхан орсон байна. Гаалийн байгууллагад ажиллаж байгаа дарга нарын гэр бүл, төрөл садангийн хүмүүс нь хууль журмыг гажуудуулах, албан ажлаа хувийн арилжаа наймаа болгох нь ердийн хэрэг болсон нь эндээс бас харагдах ажээ.
Б.Отгонбаяр
Zundaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал
Сэтгэгдэл ( 0 )