Сүүлийн үед нийслэлийн хэмжээнд наршсан болон гэдэсний суулгац, хоолны хордлого, харшилтай хүүхдүүд эмнэлэгт олноор хандах болжээ. Хоолны хордлого голдуу хугацаа нь хэтэрсэн, хадгалалтын горим алдагдсан бэлэн болон уут пакеттай, халуун ногоотой хоол мөн лаазалсан бүтээгдэхүүн, задалсан жимснээс болдог хэмээн «Баянгол» эмнэлгийн хүүхдийн их эмч Б.Оюунтуяа анхааруулж байна. Тэрбээр хоолны хордлогыг шинэхэн бүрсэн тараг, шингэн зүйл их ууж тайлах хэрэгтэй. Ер нь эцэг, эхчүүд хүүхдийнхээ ахуйн ариун цэвэрт анхаарлаа хандуулах хэрэгтэй гэдгийг зөвлөлөө. Мөн тус эмнэлэгт чихний өвчин, тархины цусан хангамжийн дутагдалтай нярай хүүхдүүд цөөнгүй хандах болжээ. Хүүхдийн чихийг сайн цэвэрлээгүйгээс болж чих өвддөг бол тархины цусан хангамжийн дутагдал нь эхийн цус багадалт, жирэмсний үеийн хордлого зэргээс ихээхэн шалтгаалдаг аж. Тус эмнэлэгт одоогийн байдлаар дөрвөн хүүхэд гэдэсний суулгац өвчнөөр хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )