ХЦДБЧ-аар овоглосон Монгол Улсын гавьяат жүжигчин Эрдэнэдалайн Бүрнээбаяртай уулзаж ярилцлаа. “Амьдралаа би чамд хайртай” хэмээн нэгэн үе олныг уярааж явсан дуучин бүсгүй өдгөө ч хит дуунуудаа хүргэсээр яваа. Урлагийн ертөнцөд хөл тавьсан цагаасаа хойш фэнүүдийнхээ анхаарлыг татсан энгүүн атлаа эрхэмсэг дуучинтай хувийн амьдралынх нь талаар яриа өрнүүлсэн юм.
-Та одоо ХЦДБЧ-аар овоглож байна уу?
-Тийм ээ, их алдартай чуулга шүү. Татан буугдаад дахин байгуулагдах үед нь хүртэл тэнд ажилласан шүү дээ, би. “Хоёр гурван ч төрийн нүүр үзлээ” гэж хөгшчүүлийн ярьдаг шиг нэлээд олон даргын царай харсан. Урлагийнх атлаа онцгой үүрэгтэй цэргийн байгууллага гэсэн үг. Монгол орны дөрвөн зүг, найман зовхист хүрч ажилладаг учраас тэр. Тиймээс уран бүтээлчид нь ч гэсэн цэргийн тушаалд захирагдана. Хил хамгаалж буй цэрэг дайчид, тэдний гэр бүл, тэнд амьдарч байгаа нутгийн иргэдэд зориулж тоглолт хийх нь үнэхээр бахархалтай. Монгол Улсыг хилийг хэчнээн удаа тойрсноо ч мэдэхээ больж. Тоогоо бүр алдсан шүү. Жилд хоёр удаа хилчдэд зориулсан тоглолт хийхдээ гурваас дөрвөн бригад болж хуваагдан бүх газраар явдаг учраас тэр.
-Чуулгаасаа нэг хэсэг хөндийрч, бие даасан уран бүтээлдээ анхаарал хандуулсан шүү дээ. Яагаад эргээд орчихов?
-Цэргийн эмэгтэй албан хаагч болон чуулгын гоцлол дуучин 20 жил ажилласны дараа тэтгэвэрт гарах дүрэмтэй. Чөлөөт уран бүтээлч болохыг хүсч явсан учраас 2001 онд тэтгэврээ тогтоолгон цэргийн бэлтгэл ахлагч цолтойгоор ажлаас халагдсан. Гэвч энгийн ажилтны журмаар чуулгадаа дахин дөрвөн жил ажиллалаа. 2004 оноос эхлэн жинхэнэ чөлөөт уран бүтээлч болсон юм. Өнгөрсөн хугацаанд уран бүтээлээ туурвиж, дөрвөн удаа бие даасан тоглолт хийлээ. Гадаад орнуудаар явж аялан тоглолт хийснээ дурдвал олон жишээ бий. Гэхдээ уран бүтээлч болсон цагаасаа хойш мэргэжлийн урлагийн байгууллагад ажилласан учраас тэр орон зайгаа их үгүйлсэн. Тэгээд ч манайд урлагийн үнэлэмж муу, зах зээл нь ямар жижигхэн билээ. Соц нийгмийн “бүтээгдэхүүн” болохоор надад хурааж хуримтлуулсан хөрөнгө мөнгө ч алга. Менежментээ сайн зохион байгуулахгүй бол шоу бизнесээр амжилт олно гэдэг тийм амаргүй. Энэ ч утгаараа мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллаж, хилчдэд үйлчлэх нь илүү дээр юм гэдгийг ойлгосон. Тэгээд өнгөрсөн жилээс эхлэн ХЦДБЧ-д дахин ажиллаж эхэлсэн дээ.
-“Амьдралаа би чамд хайртай” дуу таны нэрийн хуудас болсон гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ. Харин та хөгжмийн найруулгыг нь өөрчилж улам гоё болгосон байна лээ?
-Их үнэн үгтэй дуу шүү. Үг аялгуу нь зохицсон сайн ч бүтээл. Монголын радиогоор цацагдаж, олны сонорт хүрч байсан юм. МҮОНТВ-ийн “Амьдрал” нэвтрүүлгээр энэ дууг их гоё зохиомжтой болгож гаргаснаас хойш тун удалгүй хит болсон. “Морин хуур-92” наадмаас үзэгчдийн нэрэмжит тэргүүн шагналыг хүртсэн. Тэр цаг үеэс хойш өнөөг хүртэл хүмүүсийн дуулах дуртай дуу хэвээрээ байгаад нь би баяртай явдаг. Сүүлийн үед шинэ зүйл гэхээсээ илүүтэй олны сонорт хүрсэн хуучны дуунуудыг сонирхож эхэлсэн. Хит дууны хөгжмийн найруулгыг өөрчилж, илүү аятайхан болгохоор шийдсэн гэх үү дээ. Данхыг байнга зүлгээд байвал өнгө орж, гялалздаг шүү дээ. Түүн шиг хуучин дуугаа ч гэсэн өөрчилж дуулбал сонирхолтой. “Амьдралаа би чамд хайртай” дууг гурван ч удаа өөрчилж дууллаа. Ялангуяа сүүлийн хувилбар нь маш гоё болсон. “Дэлтэй шувуу”, “Хайрын хорвоо” дууныхаа хөгжмийн найруулгыг шинэчилсэн нь олонд их таалагдсан байна лээ. “Хайрын хорвоо”-д
Үүрээр тормойх цэцгийн шүүдэр
Хяруутан өнгөрөх уяхан хорвоо
Үүлэн нүүдэлд сэтгэл жиндээд
Ижийдээ очмоор намрын өглөө
гэж дуулдаг шүү дээ. Яруу найрагч Сундуйн шүлэг, хөгжмийн зохиолч Хатанбаатарын ая болох энэ дууг хүмүүс их мэддэг. Хатанбаатар гадаадад хөгжмийн зохиолчийн сургууль төгсч ирээд зохиосон хамгийн анхных нь дуу. Хүү нь хөгжмийн найруулагч, төгөлдөр хуурч Яруу гэж залуу бий. Аавынхаа энэ дууг шинэчилсэн хэлбэрээр найруулж “Volume” хамтлагийнхнаар дуулуулсан. Удахгүй клиптэй болгох байх.
-Та ер нь дуу шигээ амьдралд хайртай юу. Санасанаа сарвайж, сарвайсан болгоноо авч чадсан болов уу?
-Би амьдралд үнэхээр их хайртай. “Ямар учралаар энэ дууг дуулсан юм бол” гэж бурханд баярладаг. Надад ийм сайхан дуу илгээж, хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногштол хүргэсэнд нь талархдаг. Тийм ээ, би энэ амьдралаас хүссэн бүхнээ авсан. Амжилт, алдар нэр, авьяас чадвар гээд надад дутуу заяасан юм алга. Гурван сайхан хүүхэд төрүүлж, зээ охинтой болчихоод сууж байна. Яах вэ, амьдрал минь тэгш бус өрнөсөн ч гэсэн би нэг их гутардаггүй. Хүн болж төрөөд үзэж, туулах ёстой бүхнийг давж гарсан. “Үүний цаана намайг илүү сайхан амьдрал угтана” гэж өөртөө итгэж өөдрөг явсан. Тиймээс амьдралд хайргүй байхын аргагүй. “Амьдралаа би чамд хайртай” дуугаа би хаана ч явж байхдаа дуулна. Гадаад дотоод гэлтгүй, хүн бүр л дуулуулах гэдэг юм чинь. Харамсалтай нь, одоо хүртэл клиптэй болгож амжаагүй явна.
-Урлагийн замд хүүхдүүдээ уруу татсан гэлцдэг юм билээ. Охин тань дуучин гэл үү?
-Тийм ээ, том охин маань ХБК-ийн дуулаачийн ангийг төгссөн. Ээжийнхээ тоглолтод оролцож, сэтгэлийн эгшгээ хүргэсэн. Дунд охин АНУ-д загварын чиглэлээр сурч байгаа. Бага хүү ШУТИС-ийг төгссөн. Зээ охин маань “Сакура” сургуульд сурдаг. Загвар зохион бүтээгч болох гэж байгаа охиноо хараад их баярладаг шүү. Миний сонирхсон мэргэжлийг сонгосон хүн.
-Та тэгээд яагаад энэ чиглэлээр ажиллаагүй юм бэ?
-Тухайн үед загварын талаархи мэдээлэл хомс учир хүмүүс энэ мэргэжлийг төдийлөн мэдэхгүй. Наймдугаар ангиа төгсөөд нийтийн ахуйн үйлчилгээний техник мэргэжлийн сургуулийн европ хувцасны оёдол эсгүүрийн ангид сурах хуваарь авчихаад их баярлаж билээ. Гэвч сургуульдаа орох гээд иртэл ...... Үргэлжлэлийг эндээс уншина уу
Zindaa.mn- Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )