Долоо хоног бүрийн лхагва гарагт хуралддаг Засгийн газрын хуралдаан энэ сарын 15-ны өдрийг хүртэл онцгой шаардлага гараагүй тохиолдолд хуралдахгүй нь. Учир нь Засгийн газрын гишүүд энэ сарын 1-нээс эхлэн ээлжийн амралтаа авч байгаа ажээ. Засгийн газрын ихэнх гишүүд амарсан ч хариуцсан салбарт нь цаг үеийн шийдвэрлэх асуудал байгаа БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт нар Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягаар ахлуулан үүрэгт ажлаа гүйцэтгэж байна. Засгийн газрын хуралдаанаар ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Хурцыг эх оронд нь авчрах ГХЯ, ХЗДХЯ-ны хамтарсан ажлын хэсэг дахин байгуулах, ажиллах хүчин, оюутнуудын тэтгэлэг гээд олон асуудал хэлэлцэгдэхээр хүлээгдэж байна. Мөн Тавантолгойн асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх шийдвэр гарсан тул энэ сарын 15-ны дотор орон нутагт ажиллаж байгаа УИХ-ын гишүүдийг нийслэлд ирэх чиглэлийг УИХ-ын Тамгын газраас өгсөн гэх мэдээллийг албаны эх сурвалж үгүйсгэж байлаа.
Эх сурвалж: Монголын мэдээ
Сэтгэгдэл ( 0 )