Намбарын хүү далаараа тавиулчихлаа. Бие өвдөх ийм л хортой байгаа юм. Н.Энхбаяр эмчилгээ хийлгүүлэхээр саяхан Өмнөд Солонгосыг зорьжээ. Гэхдээ чухам ямар эмчилгээ вэ гэдгийг яг таг хэлэх хүн ховор байна. Зарим эх сурвалж “Зүгээр л цөсний чулуугаа авахуулахгүй юу” гэж үл тоомсорлож байхад нөгөө хэсэг нь “Би яаж мэддэг юм бэ” гэж хэгжүүрхэнэ. Ямар ч гэсэн экс Ерөнхийлөгч харийн оронд хагалгаанд орж байх тэр өдөр МАХН-ын дэд дарга Ц.Шинэбаяр “Хамуг Монгол” эвсэл гэгчийг байгуулснаа зарласан юм. Энэ нь Н.Энхбаяр толгойтой Монголын улс төрийн шинэ хүчин хагаран бутрахын цондон болов уу гэлтэй. МАХН бол Н.Энхбаяр даргад байгаа улс төрийн цорын ганц “өмч”. Гэтэл Ардын намынхантай тэрсэлдэн байж бүтээн байгуулсан намыг нь хөл, гар болсон хүмүүс нь эзгүйчлээд тараах гээд байдаг. Гэхдээ экс Ерөнхийлөгч иймэрхүү явдалтай анх удаа нүүр тулгарч байгаа биш дээ. Тэрбээр өмнө нь С.Баярыг өвчнөөр шалтаглаж ажлаа хийхгүй байна хэмээн зэмлэж байсан удаатай. Тэгээд Монголд эзгүй байх хооронд нь “Долдугаар сарын 1”-ний үймээний гол буруутнаар нь АНУ-д эмчлүүлж байсан С.Баярыг тодруулчихаж билээ. Далаар нь тавих сайхан. Далаараа тавиулах муухай. Ер нь бол улстөрчид өвдөх л юм бол далаараа тавиулдаг. Магадгүй үүнийг тийм ч олон хүн мэддэггүй байх. Харин Н.Энхбаяр дарга бол сайн мэддэг.
Эх сурвалж: Улс төрийн тойм
Сэтгэгдэл ( 0 )