Энэ сарын сүүлээр монгол киноны хур бууна

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 04


 

Ер нь сүүлийн жилүүдэд манай шоу бизнесийнхэн кино урлаг руу хошуурч байгаа. Сарын дотор л уран сайхны кино “үйлдвэрлэдэг” болсон гэхэд дэгсдүүлэг болохгүй байх. Чанартай, чанаргүй баахан кинонд дарагдлаа хэмээн уцаарлах, шүүмжлэх хүн мундахгүй. Гэхдээ эдгээрийн дунд тэртээ тэргүй шалгарал явдгаараа явж буй хойно доо. Чансаатай нь л үлдэнэ. Оросуудтай хамтарч хийсэн “Татар ажиллагаа” кино олон улсын гурван шагнал хүртлээ. Болж л байна. Киночид сайн ажилласны үр дүн биз.

Тэгвэл энэ сарын сүүлчээс шинээр хэд хэдэн кино дэлгэцнээ амилах ажээ. “Шинэ үе” продакшныхан эрчүүдийн нөхөрлөлийн тухай, инээдмийн уран сайхны кино бүтээж, удахгүй үзэгчиддээ толилуулах юм байна. “Хайрыг хамгаал” хэмээх энэ киноны зохиолыг С.Баттулга бичиж, тус продакшны захирал Н.Ариунболд найруулжээ. Гол дүрд жүжигчин Бооё, Ундармаа, “Номин талст”ын дуучин Т.Дэлгэрмөрөн нар тоглосон гэнэ. Мөн цагдаагийн нэрт хурандаа Ц.Жамъянсэнгээгийн амьдрал үйлсээс сэдэвлэсэн “Нар сарны зааг” кино үзэгчиддээ очиход бэлэн болжээ. Кино зохиолыг Төрийн соёрхолт зохиолч Д.Норов бичиж, гол дүрд УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ тоглосон байна. Бусад дүрийг гавъяат жүжигчин Ж.Сүххуяг нар бүтээлцсэн бөгөөд найруулагчаар “Уулын Төмөр” зэрэг хэд хэдэн сонирхолтой киног найруулсан О.Бат-Өлзий ажиллажээ.  “Богд хаан” киног Монголын кино урлагийн академийн захирал Б.Цогтбаяр найруулан тавих гэж байгаа нь бас л хүмүүсийн анхаарлыг татаж байна. Хар тамхичны амьдралын тухай гардаг “Амьдрах тасалбар” киног найруулсан жүжигчин Доржсүрэн ч тэднээс дутахгүй гоёо кино хийж байгаа бололтой. Тэрээр “Хөх толбот ахан дүүс” кинондоо төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатарыг урьж тоглуулжээ. Түүнчлэн Оросын алдарт зохиолч А.П.Чеховын “Түшмэлийн үхэл” өгүүллэгээс сэдэвлэсэн шинэ киног “Боолын гэрээ”-гээрээ хүмүүсийн танил болсон найруулагч З.Батболд бүтээж байна.  

Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top