Н.Алтанхуяг Хяргас нуурын хөвөөнд тухалж, Х.Баттулга ажлаа шалгаж явна

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 04


 

Төрийн ордонд түжигнээнгүй, нам жим өдрүүд үргэлжилж байна. УИХ-ын гишүүд аймгуудын наадмаар хэсч, бэлэг сэлтээ тарааж дуусгаад амрахын хажуугаар тойргийн сонгогчидтойгоо уулзаж учирч яваа сурагтай. Ерөнхий сайд Сү.Батболд хотоос холгүйхэн хэдэн адуун дээрээ очин айраг сүү ууж амарчээ. Засгийн газрын 12 гишүүн нь ердөө л 14 хоног амрах юм байна. Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг Увс аймгийнхаа наадамд оролцоод Хяргас нуурын эрэг дээр амарч байгаа гэнэ. Нутгаасаа төрсөн шинэ аваргынхаа урамшууллын орон сууцны түлхүүрийг гардуулсан Ц.Нямдорж ч бас Увсдаа амарч байгаа дуулдана. Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Увсад амарч байна. Харин зүгээр суухыг хүсдэггүй “Ажилчин зөгий” Х.Баттулга салбарынхаа ажил байдалтай танилцаад тун завгүй, амралт, ажил хоёроо хослуулж яваа ажээ. Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамных нь хувьд зуны дэлгэр цагт амжуулах ажил тоймгүй их тул аргагүй биз. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт шатахууны үнэ нэмсэнтэй холбогдуулаад амрах биш харин бүр их ачаа үүрэх болж байх шиг байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярын хувьд амрахын өмнөхөн сургууль, цэцэрлэгүүдийнхээ барилга засварын ажлыг шалгаад хотын ойролцоо хөдөөлсөн бололтой.     

Х.Тулга

Zundaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top