Хятадын удирдагчид Өвөрмонголын иргэний хөдөлгөөнийг хүч хэрэглэн дарсаар байна. Өнгөрөгч 6 дугаар сард хан үндэстэн Хятад жолооч, нэгэн Өвөрмонгол залууг хүнд даацын машинаар дайрч алсан юм. Түүнд цаазын ял оноохыг шаардсан Өвөрмонголын иргэдийг бөөн бөөнөөр нь баривчилж, тамлан зовоож байна. Саяхан дахиад л хятадууд өвөрмонголчуудын эсрэг хүч хэрэглэжээ. Өвөрмонголын ард түмэн олон жил үргэлжилсэн ийм хүнд хэцүү дарамт шахалтыг тэвчиж, тэмцсээр байна. Тэмцэлд уриалан боссон зоригт эрчүүдийг нь хоморголон баривчилж, эрүүдэн шүүсээр өдий хүрлээ. Цогт эх оронч Хадааг манай уншигчид сайн санаж байгаа байх. Түүнд тагнан турших болон салан тусгаарлах үйл ажиллагаа явуулсан хэргээр 15 жилийн хорих ял оноосон юм. Хадаа ялын хугацаагаа дуусгаад өнгөрсөн оны 12 дугаар сард суллагдах ёстой байлаа. Гэвч ор сураггүй алга болжээ. Өвөрмонголчууд түүнийг Хятадын эрх баригчдаас нэхэж шаардах эрхтэй. Тиймээс Хятадын төр, засгийн удирдагчдад удаа дараа хандсан боловч ямар нэг тоймтой хариу сонсоогүй байна. Ар Монголын эх оронч, үндэсний үзэлтнүүд түүний төлөө дуу хоолойгоо нэгтгэн 2011 оны 1 дүгээр сард Монгол дахь Хятадын элчин сайдын яамны үүдэнд эсэргүүцлийн цуглаан зохион байгуулсан юм. Тэгвэл өчигдөр бас эх орноо, элгэн саднаа гэсэн хэсэг монголчууд Хадаагийн амь нас, аюулгүй байдлын төлөө Хятадын элчин сайдын яамны үүдэнд цуглав. Чөлөөт сэтгүүлч Ч.Мөнхбаяр нарын тэдгээр хүмүүс томоохон хэмжээний жагсаал цуглаан зохион байгуулахыг хүсч, холбогдох газруудад нь хүсэлт тавьсан боловч зөвшөөрөл олгоогүй байна. Учир нь хоёр орны харилцаанд сэв сууж мэдэх тул зөвшөөрөх боломжгүй гэжээ. Гэтэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга асан Б.Хурцыг чөлөөлөхийн төлөө Их Британий Элчин сайдын яамны үүүдэнд гурван удаа жагсаал цуглаан хийгээд байна. Тэрхүү жагсаал, цуглааныг “Б.Хурцыг чөлөөлөхийн төлөө” төрийн бус байгууллагаас түүний ар гэрийнхэн, найз нөхдийнх нь оролцоотойгоор хийжээ. Их Британи бол тусгаар, бие даасан улс. Тэгвэл энд хоёр орны харилцааны асуудал алга гэж үү. Хятадтай л харилцааны ан цав гарах нь аюултай, Их Британи бол хамаагүй гэсэн хэрэг үү. Эдгээр орны эрх ашиг ялгаагүй л Монголд байж л байгаа. Эсвэл Өвөрмонголчуудыг, ялангуяа тус орны тусгаар байдал, эх чөлөө, иргэдийнх нь энх амгалан, тэмцэгч Хадаагийн төлөө Ар Монголоос нэг ч хүн дуугарах эрхгүй гэсэн үг үү. Төр, засгийн өнөөгийн эрх баригчдын иймэрхүү байдал тун ойлгомжгүй байна.
Зохиолч, номын дэлгүүрийн эзэн байсан Хадаа энэ жил 55 нас хүрч байгаа бөгөөд Монгол хэл соёлыг хамгаалахын төлөө тууштай тэмцэгч байжээ.Тэрбээр Хятадад хамгийн удаан хугацаагаар хоригдсон улс төрийн хоригдлуудын нэг юм. Хадаа нь Өвөр Монголд амьдардаг нутгийн уугуул иргэдэд автономит өргөн эрх олгохыг шаарддаг байв. Сүүлийн 60 жилийн туршид явуулсан цагаачлалын бодлогын улмаас Өвөр Монголын хүн амын 80 хувийг хятадын хан үндэстнүүд эзлэх болсон хэдий ч тус мужид амьдардаг дөрвөн сая монголчууд хэл, соёлоо хадгалан үлдэхийн төлөө тэмцсээр байна.
Хадаа анх 1995 онд Өвөр Монголын нийслэл Хөххотод олон зуун хүн оролцсон жагсаал зохион байгуулсны улмаас баривчлагдан хоригджээ. Түүнийг хорьсны дараа, 200 гаруй коллежийн оюутнууд номын дэлгүүрийнх нь үүдэнд цугларч, их эзэн Чингисийн зургийг барин, монгол дуу дуулцгааж байсан гэдэг. Үүнээс хойш жилийн дараа, Өвөр Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцдэг Өмнөд Монголын ардчилсан холбоог байгуулсан хэмээн Хадааг буруутгаж байлаа. Мөн Хадааг гадаадын мэдээллийн агентлагуудад ярилцлага өгснийг нь тагнан турших ажиллагаа явуулсан хэмээн ял тулгажээ.
Хадаагийн эхнэр болон хүүг нь өнгөрөгч өвөл аюулаас хамгаалахынхан баривчлаад хэрцгийгээр тамлан зовоож байв. Тэд сүүлд нь илэрхий басамжилж, доромжилсон шинжтэйгээр нэгэн веб хуудсанд ” Хадаа гэр бүлээрээ уулзсан нь” хэмээх гэрэл зураг тавьж сурталдсан байна. Энэхүү шоглоом болгосон зураг дээр Хадаа эхнэр, хүүгийн хамтаар идээ будаа дүүрэн зассан ширээний ард инээмсэглэн суугаагаар дүрслэгдсэн байлаа. Гэвч тэр одоо чухам хаана байгаа нь мэдэгдэхгүй хэвээрээ байна. Монголын минь үсэрсэн цус, тасарсан ясны хэлтэрхий юмсан. Монголчууд л бие биенээ өмөөрч, хамгаалахгүй юм бол өөр хэн ч биднийг хайрлахгүй, хан үндэснүүд бүр ч хайрлахгүй биз ээ.
Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал
Сэтгэгдэл ( 0 )