Даварч болохгүй, даруулгатай байж суръя

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 05

Даварч болохгүй даруулгатай байж сурмаар байна. Бас усыг нь уусан бол ёсыг нь дагамаар байна. Энэ бол бүхэнд хамаатай сануулга.

...Нимгэн цамцандаа түүртэм зуны орой Баянбүрдийн ард талын замаар алхаж явтал сэлбэг зардаг нэг ТҮЦ-ийн яндангаар муухай үнэртэй хар утаа суунаглаж хавь орчноо утаж байна. Тэр лав дугуй түлж байсан байх. Үнэр танар нь гэж авах юм алга. Харин ТҮЦ-ийн эзэн бололтой эмэгтэйд ингэж болохгүй талаар эелдгээр сануулбал гадаа дулаахан ч дотор хүйтэн байна аа хэмээн өөдөөс хэгжүүрхэж байх юм.

Өөрийн эрхээр бусдын эрх хязгаарлагддаг гэдгийг мэддэггүй, анзаардаггүй энэ мэт хүмүүс хэдэн арваараа байна. Эсвэл тэд мэддэг ч түүнийгээ хэрэгжүүлдэггүй нийгмийн хэм хэмжээг хүндэлж чаддаггүй бололтой. Баянбүрдийн хойд талын түүхий эдийн цэгүүд гэж бас нэг даварчихсан газрууд бий. Яг замын уулзвар тойргийн эргэлтийн дэргэд төвхнөчихсөн кабель шатааж, тос масло газраар нэг асгачихна. Орой ажил тарах ид ачааллын үеэр тойргийн эргэлт дээрх зам дээр хэд хэдэн портер зогсоочихсон түүхий эдээ ачуулж хөдөлгөөнд саад учруулна.

Улаанбаатарын агаарын бохирдол хэрээс хэтэрлээ хэмээн хотын бараг нохой ч хуцаж мэднэ. Утааг багасгахаар дээр доргүй ханцуй шамлан орж, хууль хүртэл гаргалаа. Хязгаарлагдмал бүсийн хороонуудад утаагүй зуух борлуулах цэг хэд хэдийг байгуулаад ажиллаж байна. Туркээс импортолж байгаа утаагүй бүрэн шаталттай зуухыг иргэдэд хөнгөлөлттэй үнээр нийлүүлж байгаа.

Тухайлбал, 250 мянган төгрөгийн үнэтэй зуухыг 70.000-аар, 450 мянган төгрөгийн зуухыг 200.000-аар айл өрхийн хэрэгцээнд нийлүүлж, хэрэв ийм хэмжээний санхүүгийн боломж байхгүй бол банкнаас зээл ав гээд хажууд нь асуудал шийдэх хүн нь бэлээхэн сууж байна. Зуухнаас гадна гэрийн дулаан бүрээс, үүдний амбаар хүртэл бий. Бүгд хөнгөлөлттэй үнээр.

Нийтдээ 60-70 мянган зуухыг айл өрхүүдэд ийм нөхцөлөөр нийлүүлэхээр зорьж байгаа ч энэ зуны туршид Чингэлтэй дүүрэгт гэхэд ердөө л 5000 зуух хэрэглэгчиддээ очсон гэх мэдээлэл байна. Зөвхөн зуух гэлтгүй утаагүй шахмал түлшийг ч иргэдэд хөнгөлөлттэй үнээр нийлүүлэхээр төлөвлөж байгаа.

Гэвч ийм хөнгөлөлт хүмүүст чамлалттай санагдаад байна гэнэ. Бүр үнэгүй авах сонирхолтой. Нийгмийн хэрэгцээ шаардлагыг далимдуулан иргэд яг л "Алтан загасны эмгэн" шиг л авирладаг болчихсон юм байна, энэ хүмүүс. Тэгээд яахав, бүх нийтийн эрх ашгийн төлөөх ажил учраас энэ зуухуудыг дахин хямдруулж, хэрэглэгч тухайн зуухны зөвхөн таван хувийг төлөөд авах боломжийг иргэдэд олгохоор шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл тухайн зуухны үнийн ердөө таван хувийг л төлөх гэнэ. Гар бариад бугуй барьдаг иймэрхүү зуршилд бид арай л дэндүү автаад байгаа юм биш үү. Энэ зун Улаанбаатарт үер усны даллагатай зун болж байна. Албатай юм шиг үер усны зам, ус зайлуулах далан дээр буучихаад усанд автах бүрийдээ Онцгой байдлын газрын аврагчдыг дуудаж төвөг чирэгдэл болдог 2900 гаруй айл байгаа аж. Тэдэнд Сонгинохайрхан дүүргийн шинэ суурьшлын бүсэд газар олгож, бүр үнэгүй нүүлгэж өгөхөөр шийдвэрлэсэн.

Гэсэн хэрнээ бууриа сахиж, нүүхгүй ээ хэмээн толгой гэдийлгэж суудаг гэнэ. Иймэрхүү "эгдүү хөдөлгөсөн" үйлдэлд төрийн төмөр нүүр хэрэгтэй бус уу. Албадлага байж яагаад болохгүй гэж. Хэрэв тэд үерт урсаад явчихбал амь насыг нь хэн хариуцах билээ. Энэ мэт том толгой гаргагчдын улмаас хотын амьдралын хэм хэмжээ алдагдаж, цөөнх нь олныхоо эрх ашгийг хөсөрдүүлж байгаа юм.

Нийслэл бол түм түжигнэж бум бужигнасан газар. Энд хэв хэмжээ, ном журам баймаар юм нийслэлчүүд тав тухтай амьдарна. Нийслэлийн иргэний нэр төр, үүрэг хариуцлага гэж бий. Усыг нь уусан хэрнээ ёсыг нь ёвроод байж таарамгүй юм.

Эх сурвалж: Нийслэл таймс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top