-Эдийн засгийн ноён оргил гэлцдэг АНУ өрөндөө баригдчихаад байгаа энэ үед ам.долларт итгэх хүмүүсийн тоо улам бүр цөөрсөөр байгаа юм-
Алтны үнэ дахин өсөв. Нэг унци алтны үнэ 1700 ам.доллараас давлаа. Хөрөнгө оруулагчид төдийгүй дэлхийн олон орны төв банк алтны нөөцөө нэмэхээр яаравчилж эхэлсэн нь ийнхүү үнийг нь хөөргөжээ.
Одоогийн байдлаар зөвхөн эдийн засагчид, шинжээчдийн хүрээнд хэлэгддэг байсан "Цаасан валютын эрин үе дууслаа" гэх яриаг улс орны эрх баригчид авч үзэх болжээ. Өчигдөр арилжаа нээгдэх үед Нью-Йоркийн Meталлын бирж дээр ирэх сард худалдаанд гарах нэг унци алтны ирээдүйн үнэ 21.8 ам.доллараар өсч, 1666.3 ам. доллар болсон байна.
Харин өчигдөр өдрийн арилжаагаар нэг унци алт 1675.9 ам.доллар болжээ. АНУ-ын ам.долларын индекс 0.69 хувиар буурч, еврогийн ам.доллартай харьцах ханш 0.75 хувиар өссөний дараа ийнхүү алтны үнэ дахин нэмэгдсэн байна.
Нью-Йоркийн Металлын бирж дээр алтнаас, гадна мөнгөний ханш ч өсчээ. Нэг унци мөнгөний ханш өмнөх өдрийнхтэй харьцуулахад 1.66 ам.доллараар нэмэгдэж, 41.75 ам.доллар болсон байна. Дэлхийд эдийн засгийн хэмжээгээрээ тэргүүлж буй олон орны эдийн засаг тогтворгүй болж байгаа. Эдийн засгийн ноён оргил гэгддэг АНУ өрөндөө баригдаж, Засгийн газар нь авч болох зээлийнхээ дээд хязгаарт хүрчихээд байгаа энэ үед ам.долларт итгэх хүмүүсийн тоо улам бүр цөөрсөөр байгаа юм.
Гэхдээ ингэлээ гээд АНУ-д эдийн засгийн өсөлт ажиглагдахгүй байна. Тус улсын төв банк санхүүгийн хямралын дараах жилүүдэд ажилгүйдлийг бууруулж, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэхийн тулд бодлогын хүүгээ 0-0.25 хувийн хооронд барьж ажилласан. Хэдийгээр энэ нь зарим талаараа дараагийн сонгуульд бэлдэж, ард түмэнд таалагдахын тулд баримталсан эрх баригчдынх нь бодлого гэж шүүмжлүүлдэг боловч санхүүгийн хямралын хүнд цохилтыг амссан америкчуудын нурууг тэнийлгэх нэг алхам болж чадсаныг онцлох хэрэгтэй.
Гэхдээ бодлогын хүүгээ бага түвшинд барихыг эрмэлзэж байгаа улс зөвхөн Америкаар тогтохгүй. Бусад орнууд, тухайлбал Европын холбооны гишүүн орнуудын хувьд бодлогын хүүгээ тэг рүү ойртуулж, алтны нөөцөө нэмэхийг зорьсоор байгаа юм. Гэтэл газрын тосны үнийн хөөрөгдлөөс үүдэлтэй инфляцийн өсөлт бий болчихоод байгаа энэ үед эдийн засгийг улам "халаах" нэг шалтгаан болж байгаа билээ. Европын төв банк харилцан адилгүй нөхцөл байдал дунд байгаа 17 орны мөнгөний бодлогыг нэгтгэж чадахгүй, хэрэндээ зовж байна.
Энэ нь еврогийн тогтвортой байдлыг алдагдуулж байгаа юм. Дэлхийн үнэт металлын сангийн менежер Ральф Алдис "АНУ, Европын орнуудын эдийн засгийн тайлан мэдээ гарсаар байгаа. Энэ нь ам.долларын ханшийг сулруулж, үнэт металлын үнийг хөөргөж байна" хэмээн онцолжээ.
Хамгийн сүүлийн мэдээгээр Өмнөд Солонгосын төв банк сүүлийн 13 жилд анх удаагаа алтын нөөцөө нэмэхээр болсноо зарлажээ. Тус банк гадаад валютын нөөц дэх ам.долларын хэмжээг бууруулж, харин 25 тонн алт нэмж худалдаж авахаар болсон байна. Барак Обамагийн засаг захиргаа өрийн таазыг нэмэх тухай хэлэлцэж байх үед иймэрхүү шийдвэр олон гарсан билээ. АНУ-ын Засгийн газар өрийн таазыг 2.4 их наяд ам.доллараар нэмэх шийдвэр гаргасан.
Үүний ачаар тус улсын зээлээ эргүүлэн төлөх чадвар AAA түвшингээс буурахгүй байх магадлал нэмэгдэж байгаа юм. Гэхдээ одоогийн байдлаар "Moody”s", "Standard and Poor”s" гэх зэрэг рейтинг тогтоогч олон улсын агентлагууд энэ тухай ямар дүгнэлт гаргах нь тодорхойгүй байна. Харин Хятадын "Dagong" агентлагаас АНУ-ын зээлээ төлөх чадварыг "+" зэрэглэлээс "-" болгон бууруулжээ. Хятадын Засгийн газар АНУ-ын бондын хамгийн том хувь эзэмшигч билээ.
Энэ бүхний эцэст АНУ асуудалд орсон хэвээр байна. Гэхдээ түүнээс гадна Италийн Засгийн газраас 10 жилийн хугацаатай гаргасан бондын хүү огцом нэмэгдэж, 6.1 хувьд хүрсэн юм. Энэ бүхэн нь алтны үнэ нэмэгдэх гол шалтгаан болж байна. Ямартай ч энэ оны хоёрдугаар улирлын байдлаар олон улсын арилжааны хамгийн идэвхтэй "тоглогч" нь алт болжээ. Дэлхийн алтны хорооноос гаргасан тооцоогоор энэ оны хоёрдугаар улиралд алтны арилжаа нэлээд нэмэгдсэн байна.
Харин үнийн хувьд нэг унци алт дунджаар 1506.13 ам.долларын үнэтэй байсан нь энэ оны нэгдүгээр улирлынхаас 8.6 хувиар өндөр ханш болжээ. Түүнчлэн зөвхөн өсөн нэмэгдэж буй зах зээл бүхий орнууд төдийгүй бусад улсын төв банкууд алтны нөөцөө нэмэгдүүлэхэд онцгой анхаарсан байна.
Тухайлбал, Мексикийн төв банк 100 тонн алтаар нөөцөө нэмжээ. Шанхайн Алтны бирж дээр энэ оны хоёрдугаар улиралд нийт 205 тонн алт эргэлтэд гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 26 тонноор илүү үзүүлэлт юм. "Одоогийн байдлаар дэлхийн ихэнх оронд инфляци хүчээ авч байгаа. Үүнээс болж цаасан валютын арилжаа тогтворгүй болно гэх хүлээлт бий болсон нь алтны зах зээлд нөлөөлсөн" хэмээн Дэлхийн алтны хорооноос мэдээлжээ.
Эх сурвалж: Улс төрийн тойм
Сэтгэгдэл ( 0 )