Жаргалант суманд хоёр дахиа буун дуу гарч, гурван амь тасарлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 05

-Талийгаач ах, дүү хоёр усны дусал шиг адилхан хэрнээ, даруухан төрхтэй ажээ-

Төв аймгийн Жаргалант суманд он гарсаар хэд хэдэн удаа аймшигт аллага гарлаа. Өнгөрөгч хавар, гуравдугаар сард аймгийн начин залууг Төв аймгийн МАН-ын хорооны дарга нь ан хийхдээ газарчнаар дагуулж яваад сум алдаж, амийг нь хөнөөсөн хэрэг гарч байсан. Хэргийн эзэд өдгөө хоёр жилийн тэнсэн харгалзах ял авчихаад ажлаа хийсээр явна. Тэгвэл дөнгөж гурав, дөрөвхөн хоногийн өмнө тус суманд мөн л хэн хүний санаанд оромгүй аллага гарчээ. Хэвлэлүүд тухайн үед нэг нэгийгээ лоомдож, аав нь буу алдаж охиноо егүүтгэсэн тухай мэдээлж байсан.

Манай сонин энэ хэргийн мөрөөр сурвалжлахаар уржигдар Төв аймгийн Жаргалант суманд очоод ирсэн юм. Энэ хэрэг 2011 оны долдугаар сарын 30-ны орой гарчээ. Жаргалант сумын төвөөс 30 орчим км зайд “Хөндлөн” гэдэг газар 17-22 орчим насны хүү, охин хоёр бусдын гарт амиа алдсан гэдгийг бид очсон даруйдаа олж мэдлээ. Талийгаачид үеэлүүд ажээ. Зуны дэлгэр цаг болоод ч тэр үү, сумын төв эл хуль, цаад хөтлийн замаар ганц машин тоосорч, сумын сургууль нь бололтой хоёр давхар саарал байшингийн арын гудамжнаас даагатай хэдэн хүүхэд гарч сумын зах руу давхиж байна.

Үүнээс өөр хөл хөдөлгөөн суманд үгүй аж. “Ийм амгалан газар тийм хэрцгий хэрэг гараагүй байлгүй дээ” гэх бодол эрхгүй төрж явлаа. Бид эхлээд тус сумын эмнэлэгт очсон юм. Эмч нар дээрх хэргийн талаар нээлттэй, бодитой мэдээлэл өгнө гэж найдсаных. Гэтэл эмч нар харин ч халгаасангүй. Арга ч үгүй биз. Хэдхэн сарын өмнө аймгийн начны амийг аварч чадаагүй, анхан шатны тусламж үзүүлж чадаагүй хэргээр нэлээд “банга хүртэцгээсэн” юм билээ.

Эмнэлгийнхэн “Бид хэргийн бүх материалыг цагдаа руу шилжүүлсэн. Цагдаагийн байр энүүхэн урд бий. Тэндээс л асуу. Бидэнд хэлэх зүйл байхгүй” гээд сумын цагдаагийн хэлтсийг бушуухан зааж өгч биднээс салахын түүс болж байлаа. Ингээд цагдаагийн тасаг рүү очтол харин нэлээд хөл ихтэй байв. Хашааны үүдэнд хоёр хэсэг хүмүүс сууж байх бөгөөд нэг хэсэг УНЛ 1971 улсын дугаартай “Еxcel” маркийн машин дотор, нөгөө хэсэг нь тэднээс нэлээд зайтай модны сүүдэр бараадан суух агаад модны мөчрөөс ундааны сав уутанд хийгээд зүүчихсэн, дэвсгэр дээр жимс, боорцог мэтийг асгажээ. Үүнээс тэднийг энд нэлээд удсан гэдгийг төвөггүй тааж болохоор байв.

Цагдаагийн байранд ороход дөрвөн цагдаа улаан дээл дэлгэж, дэргэд нь усны гутал тавьжээ. Тэд бидний ямар учиртай явааг сонсоод “Хэргийн мэдээллийг ЦЕГ-аас авах ёстой. Бид хэргийг шалгаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй” гээд хэргийн нотлох баримтуудад үзлэг шалгалт хийж байгаа учраас өрөөнөөс гарахыг шаардсан юм. Ингээд цагдаагийн байрны хамар хашааны эмэгтэйгээс учир явдлыг тодруулахад, тэрбээр “Даш гэдэг өндөр настай эмгэн бий. Тэр эмгэний ач, зээ нар нь буудалцсан юм уу даа. Хүн бүр янз янзаар ярих юм. Өглөө нэг залууг цагдаагийн байрнаас гавтай гаргаж бие засуулж байгаа харагдсан. Тэр залуу л гэмт хэргийн үеэр амиа алдсан охиныг буудсан гэж дууллаа. Даш эмгэнийх хөдөө бий. Харин хэргийн үеэр амиа алдсан талийгаачдын ажил явдлыг суманд үйлдэж байгаа гэж сонссон. Хот хүрээнээс олон хүн ирсэн сурагтай юм билээ” гэхээс өөрийг ярьсангүй.

Харин талийгаачдын ажил явдал болж байгаа айлыг “Энүүхэн урд толгойн цаана л байх учиртай” гэв. Түүнтэй ийн ярилцаж байх зуур “Портер” машинтай хэдэн залуу цагдаагийн хэлтсийн хашааны үүдэнд ирж, зогсов. Тэдний дунд байсан цэрэг өмдтэй залууг нэг цагдаа дуудаад дотогш авч оров. Энэ үеэр ойролцоох гудамжнаас нэгэн эмэгтэй гарч ирж машинтай залуучууд руу хандан “Болд хаачсан юм. Гадны олон цагдаа ирчихсэн байхад, юу хийгээд үүгээр яваад байгаа юм” хэмээн зандрахад, машинд байгаа залуучууд “Бид зүгээр л явж байхад гэрчийн мэдүүлэг авна гээд Болдыг цагдаа дуудаад өрөөндөө орчихлоо” гэв.

Гэтэл нөгөөх эмэгтэй “Цэргийн хүүхдээс юугаа асуух гээд байгаа юм” гэж утсаа гаргаж хэн нэгэн рүү залгах зуур цагдааг дагаж дотогш орсон өнөөх Болд гэгч залуу цагдаагийн байрнаас гарч ирлээ. Гэтэл эмэгтэй утсаа салгаж, халаасандаа хийнгээ залуучуудыг машиндаа суугаад цагдаагийн байрнаас бушуухан холдохыг шаардав. Тэдгээр залуустай уулзаж таван үг солих гэсэн боловч тэд цааргалсан юм. Харин хашааны гадаа байгаа хүмүүсийг хэрэгт холбогдсон хүмүүсийн ар гэрийнхэн гэдгийг хэлэв. Ингээд тэдэнтэй уулзлаа.

Тэд “Бид цай, хоолыг нь өгч байна. Өөр юу ч мэдэхгүй. Харин та нар яаж мэдсэн юм бэ” гэж өмнөөс асууж байна. Ар гэрийнхнийх нь зарим хүмүүсийн яриагаар гэмт хэргийн дуудлага өнгөрсөн ням гарагийн өглөө сумын эмнэлэгт болон цагдаагийн хэлтэст ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаа болон эмнэлгийнхэн ч хөдөлжээ. Хэрэг эзгүй хээр үйлдэгдсэн бөгөөд 17-той охин аль хэдийнэ буудуулж амьсгал хураасан байжээ. Харин бусдад зодуулсан байдалтай 20 гаруй насны залуугийн биеийн байдал маш хүнд байсан бөгөөд түүнийг сумын эмнэлэгт авчирсан боловч дөрвөн цагийн дараа нас барсан гэнэ.

Охиныг хэн буудсан талаар тодруулахад, тухайн үед нэг айлын гурван залуу дээрх нас барсан залууг бүлэглэн зодсон байна. Энэ үеэр хохирогч болсон 17 настай Б гэгч охин тэднийг салгахаар оролдож байх үед гэмт хэргийн хохирогчдын хамаатан өөр нэг залуу буу гарган дээрх гурван залууг буудахаар завдсан аж. Энэ үеэр талийгаач охин Б бууны урдуур орж, үйлдлийг зогсоох гэж байгаад суманд оногдон амиа алджээ. Ийнхүү н.Даш эмгэний хоёр зээ нь архидаж согтуурсан, зодоон цохион хийсэн балмад залуусын гарт амиа алдаж, мөн өөр нэг хүү нь сэжигтэн болсон байна.

Танхайн үйлдэл нь бишидсэнийг мэдсэн хөлчүү залуус ойролцоох уул руу зугтсан байна. Гэвч цагдаа нар хэрэг гарсан өдөр тэднийг баривчилж чадсан байна. Тэднийг гурав хоног сумын цагдаагийн байранд хорьж, байцааж байгаад уржигдар төв рүү ачуулжээ. Энэ хэрэгт 10 гаруй залууг сэжиглэн шалгаж эхэлсэн байна.

Дараа нь бид нутгийн иргэдээр заалгаж, талийгаачдын ажил явдал болж байгаа айлыг олж очсон юм. Илүү дутуу юмгүй энгийн л нэг хөдөөний айл. Ханан пийшин дээр хэц татаж, нярай хүүхдийн баривч, даавуу хатаасан байхыг харахад өнөр гэр бүл аж. Тэнд байгаа хүмүүсийн яриаг сонсоход талийгаач охин айлын ганц энхрий байсан бөгөөд аав нь нас бараад удаагүй байгаа гэнэ. Хашаанд хүүхэд голдуу 20 гаруй хүн байна. Тэднээс арай ахмад бололтой 30 орчим насны эмэгтэйтэй уулзаж учир байдлаа хэлбэл “Энд ажил явдалд ирсэн гадны хүмүүс л байгаа. Гэрийн эзэд нь талийгаачдыг нутаглуулж, уул, усаа тахихаар явсан. Мөн эмээгийнх нь хөдөө гэрийг өөр газар руу нүүлгэхээр явсан. Тэднийг ирэхээр нь уулз. Удахгүй ирэх байх” гэв.

Согтуу залуус “хүн алж тоглон” уул усаа хилэгнүүлсэн хэмээн үзэж ийнхүү уул усаа тахиж, аргадахаар явцгаасан байж таарах нь. Арга ч үгүй биз ээ. Бид дөрвөн цаг хэртэй хүлээсний эцэст 19.00 цагийн үед айлын эзэд ирэв. Уй гашуу маань ч тайлагдаагүй ийм үед бид юу ярих вэ дээ. Хэд хоногоос жаахан тайвширч байгаад уулзаж болох юм хэмээн зөвшөөрсөн юм. Хашаанд нь байшингаас гадна нэг гэр байх аж. Харин том асрыг талийгаачдын ажил явдалд зориулж барьсан бололтой. Байшинд орвол хойморт буй авдар дээр талийгаачдын зургийг эгнүүлж, өмнө нь зул бадраажээ.

Талийгаач ах дүү хоёр усны дусал шиг адилхан, бас даруухан төрхтэй аж. Тэд хөлчүү залуусын гарт үрэгдэнэ гэдгээ төсөөлөх ч үгүйгээр хоёулаа үл мэдэг инээмсэглэснийг харах хэний ч хоолой зангирна. Хүн үхэх, төрөх нь үнэн боловч ийм залуугаар нартыг орхих нь ямар гачлантай вэ. Тэнд байгаа хүмүүстэй үг эвлүүлж ярих нь бүү хэл сандал дээрээ тухтай сууж ч болохгүй хэцүү юм билээ. Ядахад нэг ч хүн танихгүй. Талийгаачдыг амиа алдсаныг сонсоод 60 гарч буй эмээ нь хямарч хэцүүхэн байгаа гэсэн.

Ар гэрийнхэн нь дээрх хэргийг зохион байгуулалтай гэж үзэж байгаа гэнэ. Учир нь хоёр талийгаачийг төрсөн өдөрт урьж хөдөө дагуулж яваад ийн аминд нь хүрсэн байна. Хамгийн хачирхалтай нь энэ хэргийг буу гаргасан залууд тохох гээд байх шиг байна хэмээн хардаж байгаагаа ч хохирогчдын ар гэрийнхэн хэлж байсан. Бас энэ талаар тодорхой юм ярих арай болоогүй байна гэдгийг ч учирлав. Хууль хяналтынхнаас ямар ч шийд гараагүй, мөн тэднээс хэргийн талаар ямар нэгэн тайлбар аваагүй байхад элдэв юм яриад хэрэггүй байх гэцгээсэн. Энэ хэрэгт 20 орчим насны 10 гаруй залуу сэжиглэгдэж байгаа ажээ.

Ийнхүү Жаргалант суманд он гарсаар хоёр ч удаа буун дуу гарлаа. Ямар ч бэлэн зэлэн буутай, буу нь бас цэнэгтэй байдаг юм бэ дээ. Энэ удаад эгч дүүсийн охин, хүү хоёрын амь хайран болж, амьд үлдсэн нэг нь сэжигтэн болж үлдэх шив. Жаргалант сумын хүн эмнэлгийн эмч ажилтнуудад талийгаач хүүгийн амийг аврах боломж байгаагүй гэдэгт итгэхгүй байна. Тэр эмнэлэгт ирснээс хойш дөрвөн цагийн дараа амьсгал хураасан байна шүү дээ.

Тэд өмнө нь аймгийн заан Б-г буудуулсан шархтай ирээд байхад нь дээлийг нь тайлж шархыг нь цэвэрлэлгүй машинд суулган хот руу явуулсан байсан. Б Гэмтлийн эмнэлэгт ирэнгүүтээ нас барсан юм. Эмч нар жаахан хожимдож дээ, 20-хон минутын өмнө ирсэн бол амийг нь аврах боломжтой байлаа гэж байсан. Сумын эмнэлгийн хүлээн авахын зэврүүн өрөөнд хоёр цаг гаруй дусал хийсэн болоод цусыг нь гоожуулаад хэвтүүлээд байсан талаар манай сонин сурвалжлагаараа хүргэж байсан билээ. Өргөсөн тангарагаа умартаж, хүний алтан амийг аврах үүрэгтэй Жаргалант сумын эмч, эмнэлгийн ажилтнууд ингэж л ажиллаж байна. Хэрэв тэд нэг хүүгийнх нь ч болов амийг аварсан бол Даш эмээгийн гол тэгтлээ харлахгүй л байсан байж мэднэ.

Эх сурвалж: Монголын мэдээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top