Ааш авир муутай ч ажилсаг, аливаад тууштай гэдгээр нь “Буян”-гийн Б.Жаргалсайханыг манайхан андахгүй. Цагтаа цалгиж, цалингаа авахаараа наргиж явсан гэдэг шиг Сайдын суудалд хүртэл заларч үзсэн энэ эрхмийн үг хааяа бас хүмүүст нэгийг бодогдуулна. Тэрээр одоо ноос, ноолуурын бизнесээ өргөжүүлэх гээд тун завгүй яваа бололтой. 2008 оны 7 сарын 1-ний хэргээр “нэг худаг”-т нэлээд хэд хоноод гарсан түүний хувьд хийх ажил их л байгаа байх. Бүгд найрамдах намаа ирэх сонгуульд бэлтгэх гэх мэт түмэн зүйлд тэр тархиа гашилгах нь зүйн хэрэг. Үүний хажуугаар мөн сүүлийн үед залуучууд улс төр рүү үхэн хатан гүйх болсныг шүүмжилж, нөгөө хатуу үгээ тэдэн рүү чулуудаж байна. Нас, намба суугаагүй залуус мөнгөөр цохиж сонгуульд нэрээ дэвшүүлнэ гээд байгаа нь түүний дургүйг хүргэсэн бололтой. Тэгээд “Хошуун дээрх эхийн сүү нь хатаагүй залуус” хэмээн тэднийг доош чихэж, эрийн цээнд хүрэх насыг 50-аар тогтоож өгөв. Тавин нас хүрээгүй нь түүнийхээр эхийнхээ мөөмнөөс гараагүй нялхас ажээ. Хатуу ч гэсэн бас үнэн үг болов уу. Зарим залуус өөрсдийгөө сурталчлан сонинд өгч буй ярилцлагуудыг нь уншихад “Авах юм алга, ёстой жулдрайнууд” гэж уулга алдах хүн цөөнгүй тааралдах тул “Буян” Жагаагийн энэхүү ёгт үгийг буруу гэх аргагүй болов уу.
Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал
Сэтгэгдэл ( 0 )