3200 гаруй ажлын санал эзнээ хүлээж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 05

Нийслэлийн Хөдөлмөрийн газар,  Нийтийн тээврийн газар, “Алтайн хүдэр” компанитай хамтран өчигдөр “Нээлттэй ажлын байр” танилцуулах өдөрлөг зохион байгууллаа. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд зохиогдсон энэхүү өдөрлөгөөр Нийслэлийн Хөдөлмөрийн газарт аж ахуйн нэгж байгууллагуудаас ирсэн 3200 гаруй ажлын саналыг өдөрлөгт оролцогчдод танилцууллаа. Мөн уул уурхайн салбарт болон бага, том оврын автобусны жолоочоор ажиллах хүсэлтэй хүмүүсийг бүртгэсэн. Бүртгүүлсэн иргэдээс шаардлагад тэнцэх хүмүүсийг сонгож сургалтад хамруулан ажлын байраар хангах юм байна. Өдөрлөгийг хамтран зохоин байгуулсан “Алтайн хүдэр” компани нь Говь-Алтай аймгийн Цээл суманд байрладаг, Монголын үндэсний хөрөнгө оруулалттай, уул уурхайн компани бөгөөд уул уурхайн боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм байна. Тиймээс өчигдрийн арга хэмжээнд оролцож, захиргаа, тээврийн хэлтэс, харуул хамгаалалтын алба, техник үйлчилгээ засварын хэлтэс, зам ангидаа шаардлагатай 296 ажлын байрны захиалгыг танилцуулсан юм.
Энэ үеэр Нийтийн тээврийн газрынхан “Тэнүүн-Огоо”, “Эрдэм транс”, “Сутайн буянт”, “Автобус нэгдэл”, “Сайхан ирээдүй” зэрэг 26 компанид том оврын автобусны 256 жолооч сонгон шалгаруулж авах тухайгаа мэдэгдсэн. Том оврын автобусны жолоочид тавих үндсэн шаардлага нь 21-ээс дээш насны, гурваас доошгүй жил D ангиллаар жолоо барьсан, жолоодох ур чадвар сайтай, харилцааны соёлтой байх ёстой. 2008 оны наймдугаар сарын 8-наас өмнө D ангилал авсан жолоочоос мэргэшсэн жолоочийн шалгалт шууд авах юм байна. Харин үүнээс хойших үеийн жолооч нар мэргэшсэн жолоочийн 21 хоногийн буюу 116 цагийн курст суралцаж байж шалгалтаа өгөх юм байна. 

А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top