Хавраас хойш найр наадам нь тасраагүй Монголд удахгүй Солонгосын Ерөнхийлөгч Ли Мён Баг айлчлах ажээ. Тэрээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар энэ сарын 21-23-нд айлчлал хийх юм байна. БНСУ-ын талаар монголчууд сүүлийн хориод жилд сайн мэддэг болсон. Бараг айл болгоноос нэг хүн Солонгост очиж аж амьдралаа өөд татах мөнгө олж ирсэн гэхэд болно. Одоо ч тийшээ манайхан цуварсаар байгаа. Солонгосчууд бол Япон, Хятад улсын иргэдээс дутахааргүй хөдөлмөрч ард түмэн. Тэнд очсон монголчууд ч бас Солонгосын ард түмэнд хатуужил тэвчээрээ гайхуулдаг. Харин архи дарсыг хэтрүүлэн хэрэглэдэг, хулгай хийдэг гэх мэт муу зуршилтайг нь солонгосынхон шүүмжилдэг. Тэд өөрсдөө дээр үеэс уламжилж ирсэн ёс журмаа ихэд хүндэлдэг, хулгай хийхийг ер тэвчдэггүй. Дайны хүнд жилүүдэд өлсгөлөн, ядуурал туйлдаа хүрч байсан тус оронд иргэд нь хулгай хийх явдал бол эх орныхоо хөгжил дэвшлийн эсрэг үйлдэж буй гэмт хэрэг хэмээн, яаж ч үгүйрэн хоосорч байлаа гээд ийм муу үйлийг хийдэггүй байжээ. Өндөр хариуцлага, сахилга баттай чанар нь Солонгосчуудыг хөгжил өөд хөтөлсөн гэдэгтэй нь маргах хүн үгүй. БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Баг бол тэрхүү ядуу тарчиг, эгэл атлаа, эгэлгүй хатуужилтай ард түмнийхээ дунд өсч хүмүүжсэн бөгөөд мөнгөө хэрхэн өсгөж, бизнесийн амжилтаа яаж ахиулахаа өөрийн гүйлгээ уран ухаанаар шийдэж чадсан хүн ажээ. Тиймээс түүнд Солонгосчууд гүн хүндэтгэл үзүүлдэг байна. Улсынхаа сүүлийн 50 жилийн хөгжлийн түүхэнд тэр асар их хувь нэмэр оруулжээ.
Одоо 70 нас шүргэж яваа Ли Мён Баг нь “Хёнда констракнш” компаний захирал, Үндэсний ассамблейн гишүүн, Сөүл хотын дарга зэрэг алба хашиж байв. Түүний өөрийнх нь хөрөнгө 35,4 тэрбум долларт хүрч байсан гэдэг. Тэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үеэрээ “Хэрвээ Ерөнхийлөгч болвол энэ мөнгөө би нийгмийн тусын тулд зориулахад бэлэн” гэж байлаа. Энэ бол түүний эх оронч, иргэний болон улс төрийн асар зоригтойг харуулж буй хэрэг юм. Манайханд түүний туршлага, бодит үлгэр дуурайллаас суралцах зүйл их бий нь зөвхөн эндээс бас харагдана. Дайчин шаргуу чанараар Ли Мён Багийг гадаад дотоодын улс төр, бизнесийн хүрээнийхэн болон жирийн иргэд нь “Бульдозер” хэмээн хочлоно. Өөрөөр хэлбэл ийм аварга хүчит техник шиг хөгжлийг түрж, түлхэж өсгөсөн тул ийн нэрлэсэн байна.
Манай улс БНСУ-тай 1990 онд дипломат харилцаа тогтоож, 1991 оноос Сөүл хотод Элчин сайдын яамаа нээн ажиллуулсан юм. БНСУ-ын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчиллаар хоёр орны харилцааг шинэ шатанд гаргана гэсэн итгэл найдвар төрүүлж байна. Ийм итгэл манай хоёр орны аль аль талд бий. Сайн хөршийн найрамдал, хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг иж бүрэн түншлэлийн харилцаанд хүргэнэ. Энэ бол харилцаа, хамтын ажиллагаа нэг шат ахиж байна гэсэн үг. Цаашлаад хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрийг байгуулна. Мөн хоёр улсын иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, хялбаршуулах талаар ч хоёр Ерөнхийлөгч хөндөн ярилцаж, тодорхой тохиролцоонд хүрнэ гэсэн найдлага тавьж байна.
Б.Отгонбаяр
Zundaa.mn-Үнэдсний чөлөөт мэдээллийн шилдэг портал
Сэтгэгдэл ( 0 )