Латиф агсны хүүг Туркэд алан хядагчид барьцаалжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 05

         Нэрт алиалагч Латифийн хүү Нурбулан сүүлийн үед Туркт ажиллаж амьдарч байгаад ирсэн. Улс тив дэлхийд Монголын циркийг таниулах нь миний үүрэг гэж бодож явдгаа ч ил тод хэлчихдэг тэрээр  үе үе гадагшаа явж ажилладаг. Тэрээр бусдыг  дуурайх, хошин өгүүллэг унших зэрэг ганцаарчилсан тоглолтыг түлхүү хийдэг авьяастай нэгэн.  Тэр л авьяаслаг үзүүлбэрүүдээсээ  үзүүлж яваад Нурбулан маань  лалын хэт даврагсдад барьцаалагдан  айхавтар  зодуулж амиа алдах шахжээ.  Тэр нь алиалагчийн илбийн хошин үзүүлбэр бөгөөд үзэгч дундаас нэгэн эмэгтэйг сонгон  гаргаж ирээд хүүхний цээжний хэсэгт гараа дөнгөж хүргээд авахдаа бүсгүйн хөхний даруулгыг сугалаад авчихаж байгаа мэт үзэгчдэд харагддаг илбийн үзүүлбэр байжээ. Туркийн Стамбул, Анкара зэрэг зэрэг хотууд бол харьцангуй европжсон, гадаадын жуулчид ихээр ирдэг учраас дээрх үзүүлбэрээ үзүүлэхэд үзэгчид харьцангуй халуун дотноор хүлээж авсан байна. Тус улсын хувьд Исламын шашнаа хатуу мөрддөг хотууд нийслэлээсээ нэлээд алслагдсан байдаг бөгөөд тэдгээр хотуудад эмэгтэйчүүд  үзвэрт  оролцож хөхний даруулгаа сугалуулах нь   бүү хэл  гадуур явахдаа байнга гивлүүр зүүдэг аж. Чухам ийм л шашны хатуу дэг ёсоо мөрддөг хотод мань эр  тэнд цугласан хүмүүсээс хамгийн царайлаг нэгэн бүсгүйг урьж тоглолтондоо оролцуулсан нь тус хотын  нөлөөтэй баяны сүйт бүсгүй байжээ.

Тоглолтын дараа  жүжигчин Нурбуланыг өрөөндөө будгаа арилгаад  сууж байтал  нүүрээ араб алчуураар битүүлсэн гурван залуу орж ирээд хоолойд нь хутга тулгаад аваад явсан байна. Таньж мэдэхгүй газар аваачаад хэдэн талаас нь өшиглөж зодоод хамтран номер тоглосон хүүхнээс уучлал гуйлгасан төдийгүй үргэлжлүүлэн зодож байгаад машинд суулгаад авч  явжээ.  Харин азаар  цагдаагийн машин дохиогоо хангинуулсаар араас нь ирж явааг үзмэгц жүжигчин Нураг машинаасаа шидээд арилж өгсөн гэнэ. Угаас Туркт хүний наймаа ихээр явагддаг тул хаа сайгүй нууц дуран байрлуулж зоосон байдгийнх нь нэгэнд түүнийг Йорданчууд арын хаалгаар хүчээр аваад гарч байгаа нь камерт бичигдэж үлдсэн нь түүний амийг аварчээ. Түүнээс хойш Нурбулан  нөгөө номероо Туркт ахин тоглоогүй аж.

 Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top