Инээж үзээгүй Н.Багабанди инээдийн тухай ярих нь хамгийн инээдтэй байна

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 05

Н.Багабанди зурагтаар гарч байна. 25 дугаар телевизээр ээлжит  титэм үгээ айлдав. Европ хэв маягаар хувцасласныг нь эс тооцвол зарим хүнд Дээрхийн гэгээнтэн л ингэж хэлэх болов уу гэмээр үг хэлэх ажээ. Гэхдээ дээрхийн гэгээнтний сургаалиас зээлдэж, монголчлоод хэлж буй нь хааяа ажиглагдана. Н.Багабанди бол Дээрхийн гэгээнтэн биш. Дээрхийн гэгээнтэн шиг уншиж, бясалгасан хүн бүр ч биш болов уу. Ойр орчимд нь ажиллаж байсан нэг нь мань эрийг Орос хэлэнд маруухан гэдгийг нь харин сайн мэддэг юм билээ. Уг нь Орост сургууль төгссөн гэнэ лээ. Манай улсын хоёр дахь Ерөнхийлөгч энэ эрхмийн титэм үгийг нэлээд юм уншсан хүн зохиож өгдөг ч байж болох юм. Яагаад болохгүй гэж. Орос, Америкийн олон том улс төрчид чинь дэргэдээ уран яруу хэл найруулгаар бүтээл туурвидаг их бичгийн хүмүүсийг ажиллуулж байгаа биз дээ. Сайн нийтлэлчид ч тэдгээр улс төрчдийн нэрийн өмнөөс нийтлэлээ хүмүүст хүргэдэг юм гэсэн. Гэлээ гээд яах билээ. Чадаж байгаа юманд арга байхгүй. Гэвч ёс зүй гэж нэг лут юм бий. Ёс зүйн босго давуулж хамаагүй юм чалчиж бас болохгүй. Н.Багбанди гуайн хамгийн сүүлийн титэм үгнь “Өнөөдөр” сонинд “Инээд тэнгэрлэг их хүч” гэсэн гарчигтай нийтлэгдлээ. Тэрээр энэ нийтлэлээ “Хонь мал инээж байхыг харсан уу” хэмээх доромж асуултаар эхэлсэн байна. Үүнийг уншаад өөрийн эрхгүй “Н.Багабандийн инээж байхыг харсан уу” гэж асуумаар санагдсанаа нуугаад яахав. Н.Багабанди төрийн тэргүүн байхдаа нэг ч удаа инээж үзээгүй, одоо ч инээхийг огт мэдэхгүй хэвээрээ явна. Инээдийг тэр нэг муухан жуумалзах гэж ойлгодог юм болов уу даа. Тэгтэл мань хүн болоогүй ээ, Ф.М.Достоевскийн “Инээд юун түрүүнд чин сэтгэлээсээ байхыг шаарддаг” гэсэн байх юм. Түүний хааяа өдрийн од шиг ёрвойж, дорвойтол амаа мурийлгаад сулхан мушилзах нь яавч чин сэтгэлийнх биш байх аа. Гэтэл тэр инээдийг чин сэтгэлийнх, хайрынх, тэнгэрлэг их хүчийг олох ид шидийнх гэх мэтээр тодорхойлсон байна. Инээж үзээгүй хүн инээдийн тухай ийнхүү ярьж, бичих нь харин ёстой инээдтэй ч юм аа даа. Инээдэггүй хүн бол мөс шиг хүйтэн дотортой байдаг гэж тэр харин шуудхан хэлж чадсангүй. Бодвол өөрийнхөө ийм мөн чанарыг мэдсэн юм байлгүй.

Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top